Хөгшин хүнийг ачлах II


Эрт урьд цагт хөгшин хүнийг ачилдаг заншилтай байжээ. Хөгшин хүний жил нь ирэхэд залуу үе нь гурван алд нүх малтаад хөгшин ээж, ааваа дотор нь хоёр хөлийг нь жийлгэж суулгаад аманд нь хонины сүүлийг хэрчин шаант чөмгөөр чихэж оруулаад амьдаар нь булж тавьдаг байжээ. Одоо болтол Алшагийн зарим ууланд дугуй, дугуй чулуун хүрээ байдаг ба зарим хүн түүнийг хөгшин хүнийг ачилж тавьсан ор гэж хэлдэг. Дараа нь яагаад хөгшин хүн ачлахаа больсон бэ гэвэл бас түүхтэй юм гэнэ. Нэг жил нэгэн хүүхний ээж нь ачлах насанд хүрчээ. Хүүхэн ээждээ хайртай тул ачлах тун дургүй. Тэгээд тэр нэг арга сэдэж, газар доор гүн нүх малтаад ээжийгээ дотор нь нуугаад явжээ. Нэг өдөр тэнгэрээс нэгэн сүрхий бүлтгэр нүдтэй, урт хоёр эвэртэй амьтан бууж ирсэнд хэн ч түүнийг таньсангүй гэнэ. Үүнд хаан: - Хэн энэ амьтныг танина, түүнийг ихээр шагнана гэж зар тараав. Тэгээд олон өдөр болсон боловч түүнийг таньсан хүн гарсангүй. Үүнийг өнөөх хүүхэн ээждээ очиж хэлсэнд ээж нь тэр амьтны байдлыг сонсоод: - Өө, хүү минь, чи тэр амьтанд нэг дээл аваачаад дэвсэж өгөөд, сайн ажигла гэж хэлэв. Хүүхэн ээжийнхээ хэлсэн ёсоор тэр амьтанд нэг дээл дэлгэж өгсөнд дээлэн дээр хэвтэж өнхрөөд баярлаж байна гэнэ. Хүүхэн үүнийг ээждээ хэлсэнд ээж нь: - За чи очиж хаанд “Энэ амьтан бол хүний бөөс мөн” гэж хэл гэв. Хүүхэн хаанд очиж хэлсэнд хаан баярлаж: - Чи яаж таньсан юм? гэж асуухад: - За, би хэлж болно, гэвч та миний хүслийг заавал зөвшөөрөх хэрэгтэй гэв. Хаан: - Тэгье, тэгье гэж ам алдав. Хүүхэн: - Энэ амьтныг манай ээж таньсан юм. Ээж маань ачлах насанд хүрсэн хүн, би ээждээ хайртай тул ачилсангүй, гүн нүхэнд нууж байгаа. Би танд үнэн үгийг хэллээ. Хаан та хэлсэндээ хүрч, ээжийн минь амийг өршөө гэв. Хаан үүнийг сонсоод: “Хөгшин хүнийг үлдээж байвал бас хэрэгтэй юм байна” гэж бодоод түүнээс хойш хөгшин хүнийг ачлахаа больсон гэнэ.

Comments