Б.Мягмар: Нэр дэвшигчид бие бие рүүгээ дайрах биш мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалж байна
-МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ Б.МЯГМАРТАЙ ЯРИЛЦЛАА-
-Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан юу вэ?
-МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбоотой зарим хэвлэлээр мэдээллээр гарч байгаа мэдээлэл их хурлын төлөөлөгчдөд нөлөөлж байгаа олон талын нөлөөлөлд тодорхой хариу өгөх шаардлага гарч, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. Өөрөөр хэлбэл МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших тухай асуудлыг манай эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүлэгчдийн болон их хурлын төлөөлөгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцсэн. Тус хурлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ирэх дөрвөн жилийн бодлого зорилтыг тодорхойлоход эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүх шатандаа энэ 22-дугаар их хуралд өндөр ач холбогдол өгч байгаа. МҮЭХ өөрчлөгч, шинэчлэгч, манлайлагч, тэмцэгч байгууллага байх ёстой тийм учраас салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга буюу миний нэрийг МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Нэр дэвшихтэй холбоотой олон асуудлууд гарч байна. Намайг МАХН-ын гар хөл болсон мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх болсон. Мөн бусад их хурлын төлөөлөгчдөд энэ мэдээллийг маш хүчтэйгээр цацсан. Энэ удаагийн МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших сонгуулийн ажиллагаа тэгш гараанаас эхэлж чадсангүй. Үүнийгээ ч бас бусад холбогдох хүмүүст хэлсэн. Яагаад гэвэл 27-ны 17:30 цаг хүртэл нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Өчигдөр, өнөөдөр гэсэн хоёр өдрийн хугацаанд 280 гаруй их хурлын төлөөлөгчдөд мөрийн хөтөлбөр, хийх ажлынхаа зорилтыг танилцуулах цаг байхгүй байна. Мөн үйлдвэрчний эвлэлийн их хурлын талаарх мэдээлэл хаалттай, ил тод биш байгаа. Их хурлын 285 төлөөлөгчийн нэрсийг нууцлалын зэрэгтэй хэмээн нэр дэвшигчдэд өгөхгүй байна. Гэтэл одоо нэр дэвшигчид төлөөлөгчидтэй утсаар холбогдох аль эсвэл мессэж илгээх хэрэгтэй байгаа ч тийм боломж байхгүй. Надад аймаг сумдын салбар холбоодын дарга нарын утасны дугаараас өөр төлөөлөгчидтэй холбогдох боломж байхгүй.
Үндсэндээ МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа миний бие МАХН болон бусад улс төрийн хүчнээс ангид байдаг. Би бол ҮЭ-ийн байгууллагад анхан шатнаас эхлээд 16 жил ҮЭ-ийн сонгуульт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс сүүлийн найман жил эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгуульт ажлыг хийж байгаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг сайжруулахын төлөө тууштай тэмцэж манай салбарын ҮЭ-ийн гишүүд бүх шатны байгууллагад манлайлж ажилласан. Тэгэхээр энийг харлуулах гэсэндээ, илүү хүчтэй өрсөлдөгч байж магадгүй гэдэг үүднээс өөр мэдээ мэдээллийг их хурлын төлөөлөгчдөд маш богино хугацаанд цацаж байгаад туйлын их харамсаж байна. Миний ард ямар ч улс төрийн хүчин байхгүй. Б.Мягмар гэдэг хүний ард миний хань, гурван хүү, аав ээж ах дүүс, нийт ҮЭ-ийн байгууллагын хамт олон минь байгаа. Өөр хэн ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний гэр бүлийн гишүүд дунд ч гэсэн улс төрийн нам хүчинтэй холбоотой асуудал байхгүй. Мөн хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилж байгаа. Миний нэр хүндэд халдаж байгаа. Энэ асуудлыг холбогдох шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж нэр төрөө сэргээлгэх болно.
-Багш эмнэлгийн ажилчдын ажил хаялт, тэмцлийг турхирч байгаа, МҮЭХ-ны тэргүүний сонгуулийг угтсан ажил гэх хардлага байна.
-ҮЭ-ийн ажил бол хамтын удирдлагатай байгууллага. Бүх шатандаа хамтын шийдвэр гаргадаг. Тэгэхээр цалин нэмэгдүүлэх талаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эхлүүлсэн энэ тэмцэл бол 2017 оны нэгдүгээр сард байгуулсан хэлэлцээрийнхээ хэрэгжилтийг шаардсан ажил. Энэ бол бидний ажил хэргийн хүрээнд хамтын шийдвэрээр хийгдсэн. Энэ тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн. Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн бүх шатны 21 аймаг Улаанбаатар хотын бүх шатны эрүүл мэндийн байгууллага эмч ажилтнууд сая байгуулагдсан улсын гурван талт хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн долоо хоногт 21 аймаг Улаанбаатар хотын анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороод сонгуультнуудтайгаа алсын зайн хурал хийж энэ хэлэлцээрийхээ үр дүнг зүйл заалт бүрээр нь танилцуулсан. Энэ бол ямар нэг сонгуультай холбоогүй, бид ажил хэргийн хүрээнд яг л адилхан нэр дэвшигч нар өөрсдийнхөө үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Би хэлэлцээр байгуулах үед сонгуульд нэр дэвших асуудал огт яригдаагүй. Баасан гарагт эрүүл мэндийн салбарынхан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу нэр дэвшиж өрсөлдөж байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
-Гэрэлмаа нэр дэвшигч та хоёр ҮЭ-д хүчин зүтгэж яваа хүмүүс. Дотооддоо та бүхэн хагаралтай байгаа гэдэг нь харагдаж байна. Хагарлын гол шалтгаан нь одоогийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага үнэхээр идэж уусан нь байгаад ингээд байгаа юм уу? Дотоодоосоо үүнийг засан залруулах гээд нэр дэвшиж байгаа юу? Үйлдвэрчний эвлэл улс төрөөс ангид байх ёстой байгууллага. Хэт улс төржсөн байдал харагдаж байна?
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үндсэн дүрмийнхаа зарчимд заагдсан улс төр, хөндлөнгийн ямар нэгэн дарамтад оролгүй, бие даасан үйл ажиллагаа явуулах зарчимтай. Энэхүү зарчмынхаа дагуу миний ажил мөн хамт олны ажил явж байгаа. Энийг албаар улс төржүүлэх гэж оролдож улс төр мэт харагдуулах гэж байгаад үнэхээр эгдүү хүрч байна. Цаашдаа МҮЭХ-ны нэр дэвшигчийн хувьд гаргаж буй уриалга бол гурван нэр дэвшигч гурвуулаа бие биен рүүгээ дайрах биш хийх ажил үйлдвэрчний эвлэлийг яаж хүчирхэг байлгах вэ. Монголын ард түмнийг яаж сайхан амьдруулах юм гэдэг мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалж байна. Түүнээс биш хэн нэгэн хүнд нөлөөлснөөр, хор найруулснаараа асуудал шийдэгдэхгүй Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсээд 100 жилийн ой тохиож байгаа. Энэ 100 жилийн босгон дээр ирэх дөрвөн жилийнхээ ажлыг тодорхойлох гэж байгаа энэ цаг үед хариуцлагатай ёс зүйтэй тэгээд ажил хэрэгч, ил тод нээлттэй байхыг уриалж байна.
-Жагсаал цуглаан хийхэд хэм хэмжээ байдаг уу? Эсвэл санаанд орсон тоогоо хэлээд шаардлага тавьдаг уу?
-Бид тооцоо судалгаа хийдэг. Манай холбооны хувьд тодорхой тооцоо судалгаа хийгээд ямар үр дүн гарах юм. Буулт хийлээ гэхэд ямар үр дүн гарах билээ гэж жагсаал хийдэг. Манай холбооны хувьд 50 хувь гэдэг шаардлагыг тавьсан. Энэ байр суурин дээрээ ч хэвээрээ байгаа. Цаашдаа эрүүл мэндийн ажилтнуудын цалинг гурван саяд хүргэж, олон улсын жишигт ойртуулахын төлөө ажиллаж байгаа.
-Багш, эмч, урлагийнхан өөр бусад мэргэжлийнхэн бүгд жагсч цалингаа нэмүүүлэхийг шаардвал эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?
-Эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэхээсээ илүү иргэд, хөдөлмөрчдийн амжиргаанд эерэг нөлөө үзүүлэх ёстой. Монгол Улс үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Бид үг, үзэл бодлоо хэлж тэр нь тодорхой үр дүнд хүрэх ийм л зорилготой. Түүнээс амар амгалан цаг үед хүмүүсийн амьдрал сайхан байгаа цагт жагсаал цуглаан хийхгүй. Хэрвээ ажилгүйдэл ядуурал нэмэгдээд ажлын байр цөөрөөд ажил хийж байгаа хүмүүс ядуурч байвал ҮЭ-ийн байгууллага жагсаал цуглаан, ажил хаялт хийх эрхтэй байгууллага. Тийм учраас хориглох эрх байхгүй.
Б.АМАРТҮВШИН
Comments