Наадам бол Монгол туургатны төрт ёс, өв соёлоороо бахдан цэнгэх их баяр, гэхдээ...
Наадам их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх монголчуудын уламжлалт ёс заншил. Тал нутгаар нэг тарж байрласан нүүдэлчдийг цуглуулж, уулзуулах маш том далим нь наадам байсаар ирсэн. Өдгөө ч байна. Ер нь бол 1639 оны Даншиг наадмаас хойш жил алгасалгүй өдий хүртэл наадмаа тэмдэглэж иржээ. Гэтэл сүүлийн хэд хоног наадмыг цуцлана, цуцлахгүй гэдэг дээр бид хоёр хуваагдчихлаа. Тэгэхдээ бүр хөгшин залуугаараа хуваагдчихав. 10 хоногт 100 иргэнээ ковидоор алдаж байхад 100 жилийн ойгоо 10 тэрбумаар тэмдэглэх нь зөв үү, буруу юу гээд л сошиалаар нэг мэтгэлцээн. Арга ч үгүй биз. Монгол Улс ковидоос шалтгаалсан үхлийн тоогоор дэлхийд тэргүүлж, АНУ, Энэтхэгийг ардаа орхив. Энэ бол наадам зохион байгуулж, баяр ёслол тэмдэглэх цаг биш ээ гэдгийг илтгэх нэг факт.
Гэхдээ наадам бол Монголын их өв
соёлын том хэсэг учир тэмдэглэх ёстой, олон улсад ч ийм жишиг бий гэж манайхны
зарим нь ярьж байна. Нөгөө талаасаа тэдний ч зөв. Эдийн засгийн талаас харсан ч
наадам хийх нь оновчтой шийд юм. Гэвч өнөөгийн цар тахлын нөхцөл байдал манай
оронд дэндүү ахдаж байна. Эмч нар нэг ч болов алтан амийг аврахын төлөө
сөхөртлөө ажиллаж байна. Гэтэл баяр, ёслол тэмдэглэх шийдвэр гаргаснаар тэдэнд ирэх ачаалал нэмэгдэнэ үү
гэхээс буурахгүй. Түүнчлэн баяр хийхэд төсөвлөсөн мөнгөө эрүүл мэндийн
салбарынханд урамшуулал маягаар өгч ч болохоор байлаа. Ямартай ч ковидтой
тэмцэхэд зарцуулах нь зөв шийдэл байв. Мөн бизнес эрхлэгчдийн хөлийг хорьдог
мөртлөө, эрх мэдэлтнүүд баяр ёслол хийж зугаацах гэлээ гэж уурсаж байна. Цахим
наадам гэж угтаа ийм имижтэй байгаа нь үнэн.
Энэ мэт Засгийн газрын буруу шийдвэрүүдийг
эсэргүүцсэн #nonaadam тайван
жагсаал өчигдөр боллоо. Жагсаалд оролцогчдын дийлэнх хувь нь залуус байв. Яагаад...
Хэрвээ хөгжмийн Плэйтайм наадам болох гэж байсан бол залуус ийн эсэргүүцэх
байсан уу. Хөндлөнгөөс дүгнэхэд Засгийн газрын буруу шийдвэр ердөө гадна тал
дахь өндөгөн шоколад нь, жагсаалын дараа гарсан үр дүн зүгээр л доторх хуванцар
тоглоом юм уу даа. Арай өргөн хүрээгээр харвал Үндэсний их баяр наадмын нэр
хүнд залуу үеийнхний дунд шалаар нэг болжээ. Хамгийн гунигтай баяр гээд наадмын
талбай руу зүглэхээ байж. Энэ бол өв тээгчдийн олон жилийн алдаа завхралын гор
нь гарч байгаагийн илрэл. Цаашаа даамжирвал Үндэсний их баяр наадам
маань ялзралд орж утгаа алдах нь.
Үздэг ч хүнгүй болж, мартагдаж, эрийн гурван наадмаасаа хагацах нь. Тэгээд бид
хэн хол шээхээ үзэж, нохой зодолдуулж, шүлсээ хамгийн хол хаяах уралдаан
мэтхэнээр орлуулж уйдаагаа гаргах нь.
Билэг дэмбэрэлгүй юм бичдэг хог вэ
гэж бодож байгаа байх. Гэхдээ аргументээ байнаа.
Хэд хэдэн бөх сошиалаар наадам цуцлахыг эсэргүүцэж
лайв хийж харагдсан. Ажил нь барилдах учраас ажиллая гэж хэлэх нь арга ч байж
уу. Гэхдээ өөрсдийн байгаа байдлыг нэг харчихмаар байгаа юм. Адгийн наад зах нь
допинг гэдэг юм Монгол бөхийн коронавирус болчихоод байна. Бөхийн
найрааны хэт хавтгайралт маш муу үр дүнд хүрч болзошгүй байна. Жаахан өсгөлүүн биетэй бол гэр бүл, хамаатан
саднаараа нийлж байгаад бөх болгочихно. Асар том бизнес болчихсон учраас зөв ч
сонголт. Тэд эхлээд допинг хэрэглэж бяртай болоод найрч цол аваад төд удалгүй
алдангиа дараагийн цол горилогч хүүхдээс аван хялбархан амьдарчихаж байна.
Өндөр цолонд хүрчихвэл тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Далимд нь тэрүүхэн тэндээ од болчихно гэж
сэтгэнэ. Ингэж сэтгэсэн залуус олон байгаа учраас нөгөө хэрийн аавын хүүгийн
хүрч бардаггүй гэгддэг цолтнууд СТА шиг олширчээ. Уг нь сумын заан арван жилдээ
нэг, аймагт таван жилдээ нэг арслан төрдөг тийм л шандас сорьсон өрсөлдөөн
байсансан. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам хуучны юм ул болдог. Хүмүүс
боловсрох тусам л хуучны ёс уламжлал гологдож, хаягдаж ирсэн гашуун түүх
өнгөрсөнд бий. Хуучинтайгаа зууралдаад байгаа улсууд бол хөгжихгүй, буурай
хөгжилтэй байнаа л гэсэн үг. Бид ч гэсэн өнөөдөр яах аргагүй
хоцрогдолтой нүүр тулчихаад яах аа мэдэхгүй байна. Багаасаа үзэж өссөн хэд нь л сонирхохоос биш
одоогийн залуусын цөсийг хөөргөж, сонирхлыг татах юм үндэсний бөхөд түй ч
байхгүй болжээ. Бид нарын аав ээжийн үеийнхэн л сонирхож байна. Цаашаа яах вэ.
Яваандаа зүгээр нэг үзүүлэн тоглолт болох уу. Ер нь дэлхийн улс орнуудын
үндэсний спортын төрлүүд яг л ийм замаар явж байна. Хүн төрөлхтөн илүү
дэвшилтэд шударгаар явагддаг Хөлбөмбөг, Сагсанбөмбөг рүү шуурч байна. Шинэ
зүйл, шинэ салхийг үндэсний спортдоо амьсгалуулахгүй бол амь тавих нь цаг
хугацааны асуудал болжээ. Дүрмийн эрс өөрчлөлт, хатуу чанга дэг журам, шударга
өрсөлдөөн, дээрээс нь Үндэсний бөхийг спортын төрөл болгож хөгжүүлэх цаг нь
хаяанд ирсэн бололтой. Магадгүй өнөөгийн Монгол бөхийн арга барилыг тэртээ 13
дугаар зуунд ч ашиглаж байсан байж мэдэх юм. Уламжлалаа зүлгэж, сайжруулах цаг
нэгэнт ирж. Толгойг нь илээд байр, машин бэлэглэчихээд өв соёлоо хамгаалж байна
гээд цээжээ дэлдмээргүй байна.
Дээрээс нь наадмын нээлт гэж арван жилийн урлагийн үзлэг шиг юм хийхээ болимоор байна. Техник, технологийн дэвшил ямар байгаа билээ, одоогийн залуусын үзэж харж байгаа контент юу билээ бодох хэрэгтэй. Дэндүү боловсронгуй залуу үе ирж байгааг ухаарах цаг болсон. Мөн бага насны хүүхдээр морь унуулахыг тун удахгүй хориглох байх. Ийм зэрлэг наадгайг 21-р зууны хойч үеийнхэн яавч үзэхгүй. Үүнийг хоёр талдаа сууж байгаад сайн хэлэлцэх нь зүй. Наадмын бэлтгэл гээд хүүхдүүд хичээл номоо таслан барин хэдэн сараар наадмын бэлтгэлд гардаг. Маш олон эрх энд зөрчигддөг. Хүүхэд үү, уламжлал уу. Гол нь хурдан морины уралдаан гэх шар үс босгом энэ гайхалтай өв соёлоо яаж авч үлдэх вэ гэдгийг нийтээрээ бодож, гарц хайх хэрэгтэй байна.
Ташрамд дурдахад тэмцээн уралдаан зохиож буй гадны
орнууд ковидоо цурманд нь оруулж, барьж чадсан улсууд байгаа. Мөн наадмыг эсэргүүцэж байгаа залуус огтхон ч өв соёл руугаа халдаагүй. Нулимаагүй. Харин өнөөгийн Монгол Улсыг авч яваа үеийнхэн дэндүү хоцрогдчихоод байна.
Б.АМАРТҮВШИН
Comments