Мартах бол сайн эм

Мартах нь хүний сэтгэлийг амраах хамгийн сайн эм юм даа. Хүн төрсөн цагаасаа эхлэн амьдралынхаа хугацаанд элдэв зүйлтэй нүүр тулж, баярлаж, гомдож, атаархаж, хаягдаж, бас бахархаж явдаг. Энэ бүхэн хүний тархинд хуримтлагдаж асар том мэдээллийн санг үүсгэдэг. Тэгэхээр төрсөн цагаасаа хойш үзсэн, харсан, санасан, хайрласан бүхнээ тархиндаа хадгалаад тэрийгээ байнга эргүүлж бодож амьдарвал хүний тархи тэр ачааллаа даахаа байж улмаар сэтгэл зүрх нь шаналан зовно. Хэн нэгэнд гомдож, бас хүнийг гомдоож явсан бол түүнийгээ тодорхой хугацааны дараа мартаж сайн сайхан зүйл бодож байхгүй бол тархинд хуримтлагдсан таагүй мэдээллүүд зүрхэнд нөлөөлж өвчин үүсгэдэг тухай Британийн эрдмэмтэд бүр тэртээ 10 жилийн өмнө судалгааны бүтээл гаргаж. Ер нь муу муухай юм бодоод байвал өөрийнхөө эргэн тойронд хар энерги үүсгэж байдаг бололтой юм. Энэ хар бүрхүүлээсээ ангижирч чадахгүй сэтгэл дотроо бугших хар хорондоо өөрөө эргэж хорддог бөгөөд аажмаар эрүүл мэнд, ажил үйлс нь доройтдог гэнэ. Хүн хэн нэгэнд гомдож, бас нэгийгээ гомдоож, бусдад атаархаж, бусдад хаягдаж болно. Сэтгэл зүрхэнд төрсөн хүн л юм хойно энэ бүхнийг хийж л таарна. Харин дараа нь хийсэн бүхнээ ухамсарлаж хэрэггүй муу мэдээллүүдээ тархин дотроосоо авч хаяад сэтгэлээ ариусгаж явахгүй бол өс хонзонгийн аймшигт уурхай болно л гэсэн үг. Өс хонзон гэдэг эзнээ зовоохоос хэтрэхгүй. Харин тэр бүгдийг тоохгүй сайн сайхан зүйл хүсч, мөрөөдөж, бусдыг өршөөж, муу муухайг мартаж амьдарвал гэгээн бүхний эхлэлийг тавина. Амьдралыг чи алтаар үнэлбэл амьдрал чамайг алтаар шагнана. Амьдралыг чи сохор зоосноос доогуур бодож үл тоовол амьдрал чамайг эргүүлээд нулимж орхино гэсэн үгийг санахад л хангалттай.

Б.АМАРТҮВШИН

Comments