Ч.БОЛДБААТАР: ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХАД Ж.ЦЭВЭЭН ХӨРӨНГӨТНИЙ ЛИБЕРАЛ БАЙР СУУРЬ БАРИМТАЛЖ БАЙСАН

Анхдугаар үндсэн хуулиа баталж БНМАУ-аа тунхагласан түүхэн өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Чунтын Болдбаатартай ярилцлаа.

-Анхдугаар үндсэн хуулиа баталж БНМАУ-аа тунхагласан энэхүү түүхэн өдрийн талаар тантай ярилцах гэсэн юм. Эрдэмтэн судлаач хүний хувьд уг үйл явдлын үнэ цэнийн тухай ярихгүй юу?

БНМАУ-ын анхдугаар Их Хурлаас Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Нийслэл Хүрээнээ нээгдэв. Олон аймаг, хошуу, шавиас сонгогдсон нийт 90 төлөөлөгчөөс 77 нь хүрэлцэн ирж оролцсон байдаг. Тухайн үедээ Их Хурал Улаанбаатар зочид буудлын буурин дээр байсан хоёр давхар байшинд хуралдаж байсан гэдэг. Улсын их хурлын төлөөлөгч Бавуугийн дурссанаар төлөөлөгчдийн зүүн энгэр дээр улаан пансаар зангидсан цэцэг хадаж өгсөн. Энэ нь Улсын их хурлын төлөөлөгчдийн таних тэмдэг байжээ. Тэр үед одоогийнхтой адил түшлэгтэй сандал байгаагүй, урт урт бандан сандал дээр сууж хуралдсан гэж түүхэн сударт өгүүлжээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 25-нд Үндсэн хуулийн төслийг Улсын их хурлаар хэлэлцэж Ерөнхий сайд, Үндсэн хууль боловсруулах комиссын дарга Б.Цэрэндорж Үндсэн хуулийн тухай товч үг хэлж, хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд олон төлөөлөгчид идэвхтэй оролцож асуулт асууж, үг хэлж байжээ. Тухайлбал, хожим Ардыг Гэгээрүүлэх яамны сайд болсон төлөөлөгч Гонжоон “Нөхдөө Үндсэн хуулийг батлахыг бүү яар, сайтар хянаж тогтоох ажаамуй” гэж байснаас үзэхэд нэлээд нухацтай ярилцаж хэлэлцсэн байдаг. Ингээд төлөөлөгч Цэдэн-Ишийн саналаар Үндсэн хуулийг маргааш нь хэлэлцэхээр болсон байдаг юм билээ. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагт Улсын Их хурлын хуралдааныг нээж Үндсэн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Хурлын тэмдэглэлээс харахад гишүүд асуулт асууж, Цэрэндорж гуай голлон хариулж зүйл дараалан хэлэлцсэн байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын бусад гишүүд Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов нар бас асуултад хариулж оролцсон. Ингээд төлөөлөгчдийн саналаар зарим нэг өөрчлөлтийг тусгаж Үндсэн хуулийг баталсан. Сонирхуулж хэлэхэд Дашдоржийн Нацагдорж Үндсэн хуулийн эхийг бичих хэргийг гардаж байжээ. Тиймээс нь энэ үйл явдалд биечлэн оролцсон хүний хувиар энэхүү үйл явдлыг “үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” гэж бичсэн байдаг. Үндсэн хуулийг хэлэлцэн батласан явдалд Коминтерний төлөөлөгч Турар Рыскулов баяр хүргэж “эдүгээ нэгэнт улсын Үндсэн хуулийг баталсан нь Монгол Улс чухам бат нот тулгаар баттайяа тогтож бүрэн эрхт улс болох замд зорино” гэж дүгнэн хэлсэн байдаг. Харин таны асуусан БНМАУ-ын анхны Үндсэн хууль гэдгийг тухайд би судлаачийн хувьд арай өөр байр суурьтай байдаг. Энэхүү хуулийг би анхны Үндсэн хууль гэж үздэггүй.

-Яагаад анхных биш гэж?

-Манай Үндсэн хуулийн төслийг боловсруулсан үйл явцыг ажиглавал хоёр үе шаттай байсан юм шиг санагддаг. Нэгд, Англи маягийн Үндсэн хуулийн системийн орж ирсэн үе, хоёр дахь нь бичигдмэл Үндсэн хуулийн системтэй болсон үе. Англид бичигдмэл Үндсэн хууль гэж байхгүй, Үндсэн хуулийн систем нь хэд хэдэн хуулиас бүрддэг онцлогтой. 1921 оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан Тангарагийн гэрээ бол Богд хаан, Ардын Засгийн газрын хоорондын харилцааг зохицуулсан баримт бичиг. Энэ баримт бичгийг манай зарим судлаач Үндсэн хуулийн чанартай акт гэж үзсэн байдаг. Бүр 1967 онд С.Жалан-Аажав гуай өөрийн бүтээлдээ энэ санааг тусгасан. Тангарагийн гэрээг боловсруулсан хүнийг Д.Бодоо гэж үздэг. Д.Бодоо Английн төрийн тогтолцоог нэлээд ултай судалж байсан шиг байгаа юм. Түүний нэг захидалд “Бид Англи улсыг өмнөх толь болгон ухваас зохино” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үндэслэн Д.Бодоогийн төлөвлөж байснаар “Тангарагийн гэрээ” бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэг хэсэг болох, улмаар үүнээс хойш батлагдах бусад хуулийн хамтаар цогц Үндсэн хууль болох байжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл Англи маягийн хэд хэдэн хуулиас бүрдсэн Үндсэн хуулийн системтэй болохыг зорьж төлөвлөж байсан гэж дүгнэж болохоор байгаа юм.


Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид, Нийслэл хүрээ, 1924 он

-Түрүүнд таны дурдсан Т.Рыскуловыг манай Үндсэн хуулийг боловсруулахад голлох нөлөөтэй оролцсон хүн гэдэг. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Т.Рыскулов 1924 оны аравдугаар сард Нийслэл Хүрээнд ирсэн Коминтерний төлөөлөгч хүн. Түүнийг ирсний дараа Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц хурдассан. 1924 оны аравдугаар сарын 24-нд Засгийн газрын хурлаар Үндсэн хуулийн төсөл боловсруулан комиссыг Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Э.Ринчино, П.Всесвятский, Б.Гомбо нарын бүрэлдэхүүнтэй баталж, өөр боловсронгуй хүнийг авч ажиллуулахыг зөвшөөрч, Үндсэн хуулийг гурван долоо хоногийн дотор боловсруулахыг даалгасан. Комисс маш богино хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулсан байдаг. Т.Рыскулов арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төв рүүгээ илгээсэн захидалдаа Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг баталсан төв комиссын хуралдаан дээр Үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан гээд тэрхүү төслөө хавсарган явуулсан байдаг. Үүнээс үзэхэд Т.Рыскулов манай Үндсэн хуулийн төслийг боловсруулахад голлон оролцсон нь харагддаг.

Яг энэ Үндсэн хуулийг зөвшилцөж байх үеэр Бүх цэргийн жанжин Солийн Данзанг буудан хөнөөсөн байдаг. Энэ талаар ярихгүй юу?

-Дээрх үйл явдлаас гурван сарын өмнө МАН-ын гуравдугаар их хурал болсон. Энэ үед Ринчинов, Солийн Данзан хоёр хоорондоо зөрчилдсөн. Э.Ринчинов Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийг турхирч, тэр хурлаас Данзанг баривчилж буудсан байдаг. Данзан бид зөвлөлт холбоот улсад бялдуучилсан байдал гаргаж болохгүй. Бид өөрөө өөрсдийнхөө толгойгоор явах ёстой гэсэн ийм үзэл бодлыг баримталж байсныхаа төлөө алагдсан хүн байхгүй юу. Тэгэхээр өөрөө өөрсдийгөө мэдэх гэсэн үйл явц үндсэндээ монголчуудын оросуудад дарлагдах, золиос болох тэр нөхцөл рүү түлхсэн. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үзэл бодолтой Монголын сэхээтнүүдийг хэлмэгдүүлэх уг үндэс 1922 оноос эхэлсэн. Бодоог заазалснаас эхлээд гэсэн үг.

-Үндсэн хууль боловсруулах явцад улс төрийн өөр үзэл бодолтой хэсэг бүлэг байсан уу?

-Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц бүр 1921 оноос эхтэй. 1924 он хүртэлх хугацаанд монголчууд нэлээд ч зүйлийг бэлтгэсэн. Нөгөөтэйгүүр өөрсдийн эрх ашиг, санал бодлоо тусгахаар оролдсон нь лавтай. Үндсэн хуулийн комиссын хуралдаан дээр Ж.Цэвээн зөвлөлт маягийн төрийн байгууллыг тулган хүлээлгэх Коминтерний бодлогыг эсэргүүцэж, Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юу, Үндсэн хуульгүй улс орон ч байдаг гэж зүтгэж байсан байдаг. Рыскуловын захидалд тэмдэглэснээр Цэвээнийг хөрөнгөтний либерал байр суурь баримталж байсан гэж матсан байдаг. Тэгэхээр монголчууд өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар оролдож байсан гэдэг нь тодорхой.

-1924 оны Үндсэн хуулийг маш богино хугацаанд боловсруулсан гэлээ. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?

-Би түрүүнд дурдсан. 1924 оны аравдугаар сарын 24-д Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулсан. Анхдугаар Их Хурал арваннэгдүгээр сарын 8-нд нээгдсэн. Тэгэхээр маш богино хугацаанд Үндсэн хуулийн төслийг боловсруулсан нь тодорхой харагдана. Шалтгаалах юу байхав цаг хугацаанд шахагдсан байх.

-Тэгэхээр Үндсэн хуулиа баталж, Улсаа тунхаглана гэдэг нь чухал түүхэн өдөр байдаг. Энэ түүхт өдрийн түүхэн үнэ цэнэ нь чухам тэгээд юу юм?

-Манай улс хоёр мянга гаруй жилийн төрт ёсны түүхтэй улс. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Богд гэгээнээ хаан ширээнд өргөмжилж тусгаар улс гэрээ сэргээн тунхагласан. Өөрөөр хэлбэл манай улс хаант засаглалтай байсан гэсэн үг. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан. Бүгд найрамдах засаглалын мөн чанар нь иргэд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаа сонгож байгуулдаг явдал байдаг. Сонгууль бол бүгд найрамдах засаглалын амин сүнс гэсэн үг. Засаглалын энэ хэлбэрийг сонгож авснаа баталгаажуулж Үндсэн хуулиндаа зааж өгч баталсан нь энэ түүхт өдрийн гол агуулга байгаа юм.

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг болсноор хэдэн жилийн өмнө энэ түүхт баярын өдрийг бүх нийтийн тэмдэглэлт өдрөөс хасчихсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол Монгол Улсын тусгаар тогтносон өдөр, харин арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс хаант засаглалаас сонгож байгуулдаг засаглал уруу шилжсэн өдөр. Мэдээж хамгийн гол зүйл Тусгаар тогтнол. Улс тусгаар тогтнож байж дараа дараагийн асуудал хөндөгдөнө. арваннэгдүгээр сарын 26 монголчуудын тэмдэглэх ёстой баяр мөн үү гэвэл мөн. Гэхдээ энд нэг зүйлийг тэмдэглэхэд түүхэн нэг үйл явдлыг нөгөө үйл явдлынх нь эсрэг сөргүүлж тавьж болохгүй. Харин эрэмбэлэх учиртай. Манай улс төрийн намууд түүхэн үйл явдлыг хувьчилдаг. Энэ нь их сөрөг үр дагавартай. Түүхийг хэн ч өмчлөх ёсгүй. Энэ бол монголчуудын бидний түүхэн тэмдэглэлт баяр болохоос биш аль нэг нам юм уу, улс төрийн хүчний баяр биш. Үүнийг бид ойлгох ёстой.

Comments