НУУЦААР БИЧЛЭГ ХИЙВЭЛ 200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

 
Манай улсад фэйсбүүкийн 2.7 сая орчим хэрэглэгч бий. Тийм ч учраас фэйсбүүк орчинд мэдээлэл хурдан тархаж, газар авах нь амархан байдаг. Өдгөө хүмүүсийн үйлдлийг бичлэг, зургаар баталгаажуулж олон нийтэд тараах нь ихэсчээ. Технологийн дэвшлийг дагаад хүн бүр видеочин болж. Энэ нь нэг талаараа эерэг хандлагыг нийгэмд төрүүлж байна. Тухайлбал, фэйсбүүкт Paparazzi+Traffic Mongolia гэх групп бий. Энэ группт дүрэм зөрчсөн жолоочдын бичлэгийг тавьж хашраадаг юм. Гэвч сайны хажуугаар саар зүйлс ч харагдана. Хамгийн ноцтой нь хэн нэгний талаарх бичлэгийг нууцаар хийж олон нийтэд түгээх явдал. Үүний цаана бидний хөнжлийг сөхөж нууц бичлэг хийх ашиг сонирхол үүсч, тэр нь газар авсаар. Хажуу хашааны Батаагийн нэг л буруу гишгэж байгааг камерийн дуранд буулгасан этгээд түүнийг бүрэн эрхшээлдээ оруулах нөхцөлийг үүсгэж байгаа юм. Улмаар таны бичлэгийг сошиал сүлжээнд тавина гэж сүрдүүлнэ. Энэ нь тийм ч таатай зүйл биш. Сошиалд эерэгээсээ илүү сөрөг сэтгэгдэл давамгайлдаг. Ийм аюулд өртөхгүйн тулд тухайн хүний тавьсан шаардлага бүрийг биелүүлэхээс өөр аргагүйд хүрдэг нь аюулын дохио. Энэ төрлийн аюул нийгмийн сүлжээнд аажим аажмаар орж ирсээр байна. Удахгүй бидний хөнжлийг сөхөж түмний өмнө дураарай шившиглэр цаг ойртлоо. Таны, миний, бидний хувь хүнд хамаарагдах бүхий л нууцыг сошиалын түм буман хэрэглэгч яг л шилэн хоргоны цаанаас харж буй мэт тольдох нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригийн өглөө нэгэн эмэгтэйн бичлэг фэйсбүүк орчинд газар авсан. Тус бичлэгт бүсгүй автомашинтайгаа урсгал сөрж зогссоноор маргаан дэгдэж буй. Энэхүү маргааны үеэр нэгэн иргэн бичлэг хийж түүнийгээ сошиалд тавьснаар асуудал үүссэн. Тэр бичлэг тухайн өдөртөө л нийтийг хамарсан том сэдэв болж хувирсан билээ. Бичлэгийг санаатайгаа тусгай хэрэгсэл ашиглан нууцаар хийсэн аж. Үүнийг тухайн хүн огт мэдэхгүй байгаа нь шууд харагдаж байна. Яагаад гэвэл өмнө байгаа машингы хүнийг зураг авлаа гэж омогдож байгааг та харж байгаа. Энэхүү бичлэг анх Mongolian Tubmlr гэх фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн байна. Нийтлэгдсэнээс нь хойш тус бичлэгийг ганцхан хоногийн дотор 381 мянган хүн үзэж, 7700 удаа хуваалцсан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй тус хуудсын дагагчдын тоо 3700 болж нэмэгджээ. Тухайн үйл явдалд ямар нэгэн дүгнэлт хийхийг хүсэхгүй байна. Сүүлийн үеийн технологиор бичлэг хийж хэн нэгийг гутааж сошиал дагагчдаа нэмэгдүүлэх, дарамталж эрхшээлдээ оруулж болох зэрэг маш олон сөрөг үр дагавар эндээс харагдаж байна. Өдгөө ч гэлтгүй нэлээн хэдэн жилийн өмнө л цаг хэлбэртэй дуу хураагуур, үзгэн камер дэлгэрчихсэн байсан. Зөрчлийн тухай хууль батлагдаж эхлэхээс өмнө үүнийг тагнуул болон сэтгүүл зүйн салбарт түгээмэл хэрэглэдэг байлаа. Ийм үйлдэл цаашид ч дэлгэрч газар авах шинжтэй болоод ирлээ. Гэвч нууцаар бичлэг хийснээр Зөрчлийн тухай хуулиар шийтгэгддэг гэдгийг иргэд ойлгоогүй л явна. Дээр дурдсан бичлэгийг хийж интернэтэд байршуулсан нөхөр хуулийн өмнө хариуцлага хүлээхээс өөр аргагүй байдалд орох нөхцөл бүрдлээ. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх гэсэн заалт бий. Энэхүү заалтаар 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Б.АМАРТҮВШИН

Comments