ДЕНДРОЛОГИЧ Б.ЧИМИДИЙНХ


 Энэ удаагийн “Танайд өнжье” булангаараа Улаанбаатар хотын ерөнхий дендрологичийн албыг 20 гаруй жил хашсан Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид гуайг уншигчидтайгаа уулзуулж байна. Дендрологич нь мод ургамал судалж түүнийг тарималжуулж, хот суурин газрыг цэцэрлэгжүүлдэг мэргэжил юм. Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор ажиллах хугацаандаа нийслэл хотын сүүлийн арван Засаг даргын естэй нь хамтран ажиллаж, нийслэлийн цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хариуцаж байжээ.

Насаараа мод, ургамалтай ажиллаж ирсэн түүнтэй уулзахаар XIII хороолол дахь гэрийг нь зорилоо. Б.Чимидийнх “Зохиомж” дээд сургуулийн ард байрлах арван давхар орон сууцны гурван өрөө байранд аж төрдөг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй хаалга тайлж “Та нарыг ирнэ гээд өвгөн бид хоёр зуслангаасаа дөнгөж ирчихээд байж байна” гэсээр угтлаа. Дендрологич хүний гэр болохоор ч тэр үү төрөл бүрийн тасалгааны ургамал цонх, ширээгээр нь өрөөстэй харагдана.

Түүнчлэн зүүн хоймроор нь найман шарга, гоёмсог цаг бүхий модон сийлбэрүүд байх аж. Харин гэрийн баруун хэсгээр бурхан шашны эд зүйлс харагдаж байлаа. Эдэн дунд эртний эрхи, хонх дамар, хүрд нүдэнд тусна. Дендрологичийн аав Б.Санж агсны хэрэглэж байсан ойролцоогоор 90 гаруй жилийн өмнөх шашны эд зүйлс гэнэ.

Б.Чимид гуай, гэргий Б.Тэгшдэлгэртэйгээ Увс аймгийн Баруун туруун сумын арван жилийн дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч үедээ анх танилцаж байж. Өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болж ач зээ нар нь арав давжээ. Том ач нь Солонгос улсад суралцдаг аж. Харин "Хамгийн бага нь бага бэрийн минь гэдсэнд байна даа" хэмээн баяр баясал дүүрэн хуучилсан юм. Эзэгтэй Б.Тэгшдэлгэр эр нөхрийнхөө талаар “Хань минь миний хар багийн найз л даа. Хүмүүний учир тавилангаар ингэж л учирч өдийг хүрсэн. Хүүхэд байхын л сэргэлэн, юм юманд оролцдог байсан. Шүлэг бичиж, уран зохиол оролдож, сийлбэр хийж, бүр намайг “хаяад” цэрэгт явж байсан гээд бод доо. Ойн инженер бол ханийн минь унаган мэргэжил. Сургуулиа төгсөөд Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн даргаар томилогдсон юм. Өнөөдөр ч гэсэн яг л төрдөө зүтгэж байгаа юм шиг, дээр үед намын хороонд ажиллаж байсан шигээ өглөө 08:00 цагт гэрээс гардаг. Цагийг ягштал баримтална. Хөнгөн шингэн нь дэндсэн хүн. Нэг удаа олон жилийн өмнө хэлтсийн дарга нь Чимидийн хурдыг бид гүйцдэггүй гэж ярьж байсан. Босон суухыг завдалгүй ажлыг амжуулчихдаг хүн дээ. Бас дээр нь их сайхан сэтгэлтэй. Юм болгоныг чадна, эсвэл чамд тусална гээд л хүний цаас бариад давхичихна. Ханьдаа болоод гэр бүлдээ их халамжтай. Миний хань хоол сайн хийнэ. Бууз, хуушуур хийх нь бараг хобби" хэмээн ярив. Харин гэрийн эзнээс гэргийнх нь талаар асуухад "Манай хүн чинь миний эмч байхгүй юу. Охин Туул ээжийнхээ мэргэжлийг өвлөн эмч болсон. Одоо III төв эмнэлгийн зүрхний эмчээр ажиллаж байгаа. Тэгэхээр би чинь өөрийнхөө эрүүл мэндийн асуудлыг хоёр эмчээр мануулдаг" хэмээн хөгжилтэй инээв.

Тэрээр анх 1969 онд аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн математикийн ангид орсон гэнэ. Улмаар нэг жил тэндээ суралцаж хавар нь цэргийн албанд морджээ. Цэргийн алба хаасан жилүүдээ “Цэргийн алба чинь хүнийг эр хүн болгодог юм. Бидний ах дүү найман залуугаас би гурван жил цэргийн албыг яс хаасан. Намайг цэргийн албанд мордож байхад МУИС-ийн ректор нь аугаа их Дондогийн Цэвэгмид, проректор нь Жамбын Батмөнх байлаа шүү дээ” гэсэн юм. Тэрээр халагдаж ирээд математикийнхаа ангид ороогүй аж. Гурван жилийн цэргийн албыг хаачихаад ирэх үед нь түүний ах Жамцаа эдийн засагчийн ангид оруулахаар болжээ. Тэрээр ХААИС-ийн Орос хэлний тэнхмийн эрхлэгч байсан аж. Ийнхүү одоогийн гавьяат эдийн засагч Дашзэвэгийн аав Т.Намжаа дээр очсон гэнэ. Гэтэл Т.Намжаа “Эдийн засагчийн ангид ороход ректор Ж.Батмөнх улс төр, эдийн засгийн ухааны хичээлээр шалгалт авдаг. Маш хатуу хүн учраас шалгалтад нь тэнцэнэ гэдэг хэцүү” гэжээ. Тэр үед ах Жамцаа нь “Энэ Намжаа ганц дүүг минь эдийн засагчийн ангид элсүүлж чадахгүй унжиж байна. Тэгвэл өөрийнхөө сургуульд элсүүлчихье. Манай ХААИС-д ойн инженер гэж сайхан анги бий” гэжээ. Ийнхүү Б.Чимид хоёрдугаар курсээсээ ХААИС-ийн ойн инженерийн ангид элсчээ.


Гэргий Б.Тэгшдэлгэр

Гэрийн эзэгтэй Б.Тэгшдэлгэр биднийг цай ууж суух хооронд “Миний өвгөн их махсаг хүн шүү” гээд хонины чанасан өвчүү, мөөгтэй шөл өмнө тавилаа. Эднийх зун, намрын сайхан өдрүүдэд хур борооны дараа ойн мөөгөнд явдаг заншилтай гэнэ. Б.Чимид гуай гэрийнхээ хөлдөөгчнөөс мөөг гаргаж ирэн “Бид хоёр түүж ирсэн мөөгөө хөлдөөгөөд хадгалчихдаг юм. Ойн шавхагдашгүй баялаг шүү дээ. Манай найз нөхөд байнга л хамт мөөгөнд явцгаая гэдэг юм” хэмээн ярилаа. Долдугаар сараас эхлээд ойд хүнсний мөөг ургадаг ажээ. Тэрээр “Найм, есдүгээр сар мөөгний улирал шүү дээ. Ойд хүнсний олон төрлийн мөөг ургадаг. Оросууд энэ улирлыг алдалгүй бүтэн жилийнхээ хэрэгцээний мөөгийг түүж авдаг. Тэд давсалж дарах, хатаах, цуужуулах, консервлох зэргээр хадгалах аргаа мэддэг. Одоо манай хотод оросууд бага болсон учраас ойгоор явахад тааралдахгүй юм. Манайхан энэ тал дээр мэдлэг дутмаг байна. Өөрсдийн гараар түүж нөөцөлсөн мөөг нь хоол хүнс болоод зогсохгүй ямагт бэлэн байдаг зууш, закуск шүү дээ” хэмээн тайлбарлав.

Тэрээр “Манай хоолны газар бүрт мөөгтэй хоол байна. Байгалиас шууд түүгээд хэрэглэж байгаа юм алга. Шууд гаднаас оруулж ирээд байх юм. Хурган цагаан мөөг ховорджээ. Ургахаа больсондоо биш, харин манайхан буруу харьцсантай холбоотой. Зуны олон хоног үргэлжилсэн бороо, будан манан татаж чийг ханхалсан зуслангийн дэнжийн ногоон хүрээн дээр гэр шиг бөмбийн цайрах хурган мөөгнүүд хаачив? Талын цагаан мөөгний хувь заяа бүрхэг болж. Мөөгийг гүйцэд ургасан үед нь шороотой үндэснийх нь дээгүүр хутгаар огтолж түүдэг гэдгийг өнөө хэр олонхи нь мэдэхгүй иржээ. Зөвхөн цагаан мөөгийг биш, ойн болоод талын бүх төрлийн мөөгийг ингэж түүдэг. Мөөгийг таньж мэдэх, түүх, боловсруулах, хадгалж хамгаалан хоол хүнсэндээ ашиглах гээд олон асуудал бидний өмнө байна. Ойн мөөгийг таньж хүнсэндээ хэрэглэх юм бол манай хүнсний хэрэгцээний хэдэн хувийг хангаж болох талаар судалгаа алга. Энгүй их баялгийг ашиглах талаар зохион байгуулалттай арга хэмжээ авмаар байгаа юм. Тэгэхээр XXI зуун бол мөөгний эрин үе.

Монгол орон шиг цэвэр байгальтай оронд хортой мөөг тун ховор. Хортой мөөгийг өнгөөр нь таньж болно. Мөөг хэдий хурц, гоё өнгөтэй байх тусмаа хортой байх магадлал өндөр. Хортой мөөг нь ихэвчлэн өндөр нарийн иштэй уг руугаа ялимгүй бүдүүрсэн, голоороо сэвсгэр хөндий байдаг” хэмээлээ.

Чимэд гуайгаас “Хотыг хурдан ногоон болгох ямар арга байна вэ” гэхэд “Нүдэндээ ногоон шил зүүчихвэл болно шүү дээ” гэж хошигнов. Сүүлийн хэдэн жил том мод шилжүүлж болно, болохгүй гэх талцал олны дунд их гарах болсон. Энэ талаар сонирхоход “Том мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг. Шилмүүст мод хотын нөхцөлд жилд 2-3 см өсөлт өгч байна. Тэр мод таван метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 20-30 жил болж байж ийм өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ. Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болчихсон. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компаниуд энэ ажлыг хийх ёстой. Хэдэн мянга, сая га-аар нь ойгоо шатаачихдаг мөртлөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 3-5 жилдээ ногоон болно. Дэлхийн хотууд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд том моддыг шилжүүлэн суулгах туршлагыг хэрэгжүүлж байгаа. 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байна. Ийм настай модны шилжүүлэн суулгах технологи ч хүртэл бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Ойрын жишээ, манай урд хөрш өмнөд монголчууд Далан хар уулаа бүгдийг нь уулнаас мод авч ирээд ойжуулчихсан гэж тэрбээр ярилаа.

Та одоо Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд ногоон байгууламжийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэсэн. Өндөр насныхаа тэтгэвэрт суучихаад энэ ажлыг хийж байгаа хэрэг үү гэж асуухад “2016 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн одоогийн удирдлагууд сонгогдож, томилогдсон. Хотын ерөнхий менежерээр томилогдсон. Т.Гантөмөр дарга 2016 оны наймдугаар сард намайг дуудаж уулзаад “Чимид гуай таныг хотын дендрологичоор ажиллаж байхад би Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан. Тантай гар нийлж сайхан ажиллаж байсан. Манай дүүрэг цэцэрлэгжилт, тохижилтоороо нийслэлдээ хоёр ч удаа түрүүлсэн. Тэгэхээр энэ дөрвөн жилд хотын ногоон байгууламжийг сайжруулах ямар бодлого байвал зохилтой вэ? Та энэ талаар бичиж өгөөч, тэгээд та надад зөвлөж ажиллаач” гэсэн. Би урьдын сайн таних ажилсаг хүн хотын ерөнхий менежер болж ирж буйд баярлаж хоёр гурван хуудас материал бичиж өгсөн. Дарга миний зөвлөмжийг уншаад тантай санал нэг байна, хамтарч ажиллая гэсэн юм. Ингэж л зөвлөхийн ажил эхэлсэн дээ. Т.Гантөмөр шиг шоргоолж шиг хөдөлмөрлөж байдаг, ажилсаг хүнтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай явдаг. Намайг шууд л хотын дарга Су.Батболд дээр дагуулж орсон. Бодлогоо танилцуулсан. Дарга зөвшөөрч байна. Хөрөнгө мөнгө болоод, бодлого шийдвэр гарган ажиллая гэснээр 2016 оны намраас хотод том оврын нарс мод шилжүүлэн суулгасан чинь огт болдоггүй юм. Чимид, Гантөмөр хоёр хийж байна гээд ганц хоёр хүн мушгиад, манай зарим хүмүүс шантрах явдал гарч байсан. Гэвч бид ухраагүй. Одоо гурван жилийн нүүр үзэж байна.Бидний шилжүүлэн тарьсан том мод үхвэл хариуцлагыг нь би хүлээнэ, ажлаа ч өгнө гэсэн. Т.Гантөмөр даргын шийдэмгий, дайчин, ургуулж чадна гэсэн итгэл нь өнөөдөртөй золгосон.Том модны ургалт 99 хувь гээд бод доо. Зарим нөхөд гурван жил ургаад үхдэг, том мод ургадаггүй гэсэн. Мэдэхгүйн зовлон тэр. Хотын захиргааны үүдээр 2008 оны долдугаар сарын 7-нд тарьсан 5-7 метр өндөртэй 30 нарснаас нэг мод л үхсэн. Явуугийн цэцэрлэгт очоод үзээрэй. Тэнд зургаан жил ургалаа. Гурван жил болоод үхдэггүйг харуулж байгаа биз" гэлээ.

Хамгийн гол нь усалгаандаа л байдаг гэнэ. Арчилж чадахгүй бол том жижиггүй үхнэ. Адаглаад л суулгасан анхны өдөр 600-800 литр усаар усалдаг юм байна.

Гэрийн эзэн уран сийлбэр сонирхдог аж. Тэрээр Уран Чоймболын зээ нэрт сийлбэрч Ц.Рэнцэндоржид шавь орж, хавтгай сийлбэр хийхийг сурч байсан удаатай. Энэ нь ч гэрт нь зочлоход харагдаж байлаа. Гэрийн хойморт Монголын ховор амьтдын хавтгай сийлбэр, жаргалын найман морь, эвтэй дөрвөн амьтан зэрэг сийлбэрүүд, өөрийх нь урласан морин хуур харагдав. Морин хуурыг гоёмсог сийлбэрт суурин дээр залжээ. Өөрөө загварыг нь гаргаж хүүхдүүддээ хийлгэж өгснөө ярив. Модоор сийлбэр хийж, “Үхэшгүй мөнхийн цагаан уул” цэцгээр бэлэг дурсгалын зүйл хийж, патент авснаа үзүүлэв.

Түүнтэй нийслэлийн цэцэрлэгжүүлэлтийн одоогийн нөхцөл байдлын талаар хөөрөлдлөө. Гадаад орнуудын нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбай ойролцоогоор 12-15 метр квадрат байдаг гэсэн судалгаа бий гэнэ. 1990 оноос өмнө Улаанбаатар хот ч энэ хэмжээнд байжээ. Зах зээлд шилжиж, Монголын хүн амын бараг тал нь нийслэлд шилжин суурьшсантай холбоотой ногоон байгууламжийн хэмжээ буурсан гэнэ. Тухайн үед эдийн засаг хүндрэлтэй байсан тул ногоон байгууламжийг услах, тордох ажил ч зогсонги байдалд оржээ. Мөн газар үнэд орсны улмаас ногоон байгууламжаа устгаж барилга барих нь ч нэмэгдсэн байна. Энэ жил гэхэд 7.5 тэрбум төгрөгийг хотын ногоон байгууламжийн арчилгаа шинэ тарилтад зарцуулсан байна. Энэ талаар Б.Чимэд “Үүнийг зарим нөхөд их мөнгө гэх юм. Гэтэл Эрээн хот энэ ажилд 150 тэрбум төгрөг зарцуулж байна. Эрээн бүх Хятадын, тэр ч бүү хэл Өмнөд Монголын нийслэл биш шүү дээ” гэлээ.

Улаанбаатар хотод ямар төрлийн мод тарих нь тохиромжтойг сонирхоход “Сүүлийн жилүүдэд жижиг бутлаг мод их тарьсан. Бутлаг мод бол чимэглэлийн зориулалттай. Нийслэлд гацуур, шинэ нарс, зэрэг шилмүүст модыг том болсных нь дараа суулгах хэрэгтэй. Гэтэл том мод хурдан үхдэг гэж шүүмжлэх хүмүүс олон бий. Арван жилийн өмнө хотын захиргааны үүдэнд 30 ширхэг том мод тарьсан. Нэг нь ч үхээгүй байна” гэсэн хариу өгөв. Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 40 хувь нь ногоон байгууламж байх бололцоотой ажээ. Манай хотын ерөнхий төлөвлөгөөгөөр нийт гадна талбайн 20 хувь нь ногоон байгууламж байх ёстой гэсэн стандарттай гэнэ.

Ийн хөөрөлдөж байхдаа Б.Чимид гуайн номын сантай танилцлаа. Монголын анхны роман “Алтайд”-аас авахуулаад хуучны бүх роман анхныхаа хэвлэлээр байна. Түүний өөрийн зохиосон уран зохиолын болон мэргэжлийн арав гаруй номууд ч өрөөстэй байв.

Б.АМАРТҮВШИН

Comments