Г.ГАНБАЯСАХ: МУГЖ ЭМЭГТЭЙ АНУ РУУ УРАН НУГАРУУЛАХ ГЭЖ АВЧ ЯВСАН ОХИНЫГ МӨНГӨ ОЛСОНГҮЙ ГЭЖ ЗОДОЖ ГУДАМЖИНД ГАРГАСАН

 Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахтай ярилцлаа.


-Хүний наймааны төгс хэлбэр бол хүний эд эрхтэн худалдаалах гэдэг. Хуулийн байгууллагад бүртгэгдсэн тохиолдол манай оронд байдаг юм болов уу?

-Одоогоор хуулийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн тохиолдол нэг ч байхгүй. Хэдэн жилийн өмнө Энэтхэг, Бангладеш, Непалын ядуу тосгодоор донорын ангуучид явж хүний өрөөсөн бөөрийг 3000 ам.доллараар авч байсан гэх кэйс бий. Гэхдээ тухайн бөөрнүүдийн ихэнх нь ямар ч хэрэггүй болсон. Яагаад гэвэл эд эрхтний донорыг маш нарийн шинжилгээгээр олдог. Тэр тусмаа хос эрхтнүүдийн донор төдийлөн эрэлт хэрэгцээтэй байдаггүй. Манай улсад бөөр, элгийг шилжүүлэн суулгаж байгаа. Элэг буцаж ургадаг учраас ах дүү, хамаатан саднаас нь авчихаж болдог. Тиймээс тэр болгон үнэд хүрч эрэлт үүсгээд байдаггүй. Гэхдээ эд эрхтний донорын эрэлт байгаад л байна. Хамгийн гол нь нийцэл гэдэг зүйл чухал. Тэрнээс гудамжны харанхуй буланд явж байхад чинь согтууруулах ундаа өгч тасалж унагаагаад өрөөсөн бөөрийг чинь аваад явчихна гэж ойлгож болохгүй. Энэ бол худлаа. Яагаад гэвэл маш нарийн шинжилгээний үр дүнд донорыг олдог. Тухайн хүний насыг уртасгах гэж байгаагаас биш хог дээрээс нэг юм авчраад залгаад оёчихож байгаа юм биш шүү дээ. Тийм болохоор хүн өөртөө амьдрал бэлэглэх гэж байгаа учраас аль болох урт насыг хайдаг. Жишээлбэл, осолд орсон донороос эрхтэн шилжүүлбэл насжилт нь 3-5 жил байдаг. Харин амьд донороос шилжүүлсэн эрхтэн 5-10 жил амьдрах боломжтой гэж үздэг. Тиймээс дэлхий даяар амьд доноруудын эрэлт маш өндөр байдаг. Зөвхөн хүний өрөөсөн нүд 18-20 төрлийн донор болдог. Ямарваа нэг хүнийг худалдаалснаар 500 мянга орчим америк долларыг олж болно гэж үздэг. Тэгэхээр хүний наймааны хохирогч эд эрхтний донор болсон бол хэзээ ч амьд олдохгүй. Яагаад гэвэл өрөөсөн эрхтнүүдийн хэрэглээ өндөр байдаг. Түүнчлэн донорын ангуучид аль улсын ямар эмнэлэгт ямар эрхтэн хэрэгтэйг судалчихсан байдаг. Тиймээс амьдаараа олдох тохиолдол маш бага.

-Донорын ангуучдын арга барил ойрын жилүүдэд их нарийсч байгаа гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-Сүүлийн үед донорын ангуучид их нарийн ажилладаг болсон. Тухайлбал, эмзэг бүлгийн хүмүүсийг сайн дурын эмнэлгийнхэн гэх баг дор маш их судалгаанд хамруулж байна. Гадны оронд хэрэгцээтэй байгаа донорын эрэлтэд нийцэж байгаа хүмүүсийг сонгож манайхаас та нарыг нутагтаа аялуулах гэж байна гэж дагуулж явдаг. Сонгогдсон хүмүүс нь 14-15 насны арван ижил хүүхэд байх жишээний. Буцаад ирэхдээ хоёр нь өвчтэй болж буцаагаад эмчилгээнд авч явна. Удалгүй тэнд амиа алдчихлаа гээд чандар нь хүрээд ирдэг. Иймэрхүү төрлийн асуудлуудад маш болгоомжтой хандах хэрэгтэй байна. Дүүрэг, хороон дээр үзлэг сайн дурын ажлууд их ирдэг шүү дээ. Тэдний Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийг заавал шалгаж байх хэрэгтэй юм. Гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа бол зайлшгүй гурав дахь шатлалын эмнэлгийн тодорхойлолтоор баталгаажсан нөхцөлд явах ёстой.

-Хүн худалдаалах гэмт хэрэг дундаа бэлгийн мөлжлөг хамгийн анхаарал татдаг сэдэв шүү дээ?

-Энэ сэдэв дээр нэгэн жишээ дурдъя. Манай байгууллагад ирсэн нэг хохирогч бэлгийн мөлжлөгт орж байхдаа тэмдэглэлийн дэвтэр дээр данс хөтөлж байсан байгаа юм. Үүнийг тухайн зохион байгуулдаг хүмүүс нь хөтлүүлсэн гэсэн. Тэд тэмдэглэлийн дэвтэр дээр хохирогчийн биеийг нь үнэлүүлж өөрөөр нь данс хөтлүүлэн “Чи энд нэг сар ажиллаад багана тойрчихоод ороод ир. Үүний чинь дагуу чамайг цалинжуулъя” гэж хуурч ажиллуулсан байгаа юм. Хохирогч охин тухайн тэмдэглэлийн дэвтэрээ авчирчихсан болохоор бодитой нотлох баримт болж байна. Бас нэг жишээ дурдъя. Хүний наймааг зохион байгуулдаг хүмүүс Ганц модны боомт руу гарч буй машин дээр хүүхэн авна гэж зар бичдэг. Үүнийх нь дагуу хүмүүс зохион байгуулалттайгаар охидуудыг аваачиж биеийг нь үнэлүүлж байна. Дээрээс нь нэмээд массажны газрууд байна. Энэ төрлийн гэмт хэрэг газар авсан. Гэхдээ бидний ажил бол хохирогчдын аюулгүй байдлыг хангах, хохирогчдыг түр хоргодох байранд байлгаж хуулийн байгууллагад хандвал чиний асуудал яаж эерэг сайнаар шийдвэрлэгдэх вэ гэдэг талаар ихэвчлэн мэдээллүүд өгдөг. Бид тухайн гэмт хэргийн талаарх мэдсэн бүхнээ хуулийн байгууллагад бүрэн мэдээлдэг. Гэвч гомдол гаргах эсэхийг тухайн хохирогч өөрөө шийддэг. Хохирогч цагдаад хандах уу, болих уу гэж их эргэлздэг.

-Бэлгийн мөлжлөгийн хохирогчдод эргэлзэх ямар шалтгаан байдаг юм бэ?

-Энэ талаар тайлбарлахад их хэцүү. За нэг жишээ дурдъя. Та 19 настай. Хоёрдугаар курсийн оюутан. Орон нутагт гэр чинь байдаг. Өнгөрсөн жил ээж аав чинь цалингийн зээл аваад төлбөрийг чинь төлчихсөн. Энэ жил чиний төлбөрт өгөх мөнгө байхгүй. Намар хичээлдээ ирсэн багш нар чинь төлбөрөө төлөөгүй учраас хичээлд чинь оруулахгүй байлаа. Гэртээ буцаад очих гэхээр боломжгүй байдаг. Яахаа мэдэхгүй явж байхад чинь найзын чинь төрсөн эгч тааралдаад “Эгчийн дүү ямар хэцүү юм бэ. Эгч нь туслаад өгье. Би дүүгийнхээ төлбөрийг ганцхан сарын дотор урд ажиллаад олж өгсөн. Тэнд цэвэрлэгчийн цалин гэхэд 10 мянган юанаас эхэлж байгаа. Чамайг үсчний туслахаар ажилд аваад сарын 6000 юанаар цалинжуулъя. Хоёулаа гуравхан сар яваад ирэх үү. Эхний ээлжинд чи нэг сар ажиллаад үз. Болохгүй бол буцаад ир. Чиний гадаад пасспорт, замын зардлын мөнгийг би гаргая” гэнэ. Энэ үед тэрнээс өөр сайн хүн чамд байхгүй мэт санагдана. Эрээн рүү очин очтолоо та хоёр ирээдүйн талаар сайн сайхан зүйл ярилцлаа. Эрээнд очоод чамтай цуг явж байгаад нэг хүнтэй уулзаадахъя гээд гараад алга болчихлоо. Удалгүй нэг өмнөд Монгол эмэгтэй орж ирээд цуг ирсэн хүн чинь чамайг авчирж өгөөд дүүгийнх нь бие муудлаа гээд надаас 3000 юань зээлээд явчихлаа. Чи одоо тэр мөнгийг нь өг гэнэ. Чи тэр үед эцэг эх рүүгээ залгана. Мэдээж олдохгүй. Гэтэл тэр эмэгтэй төлж чадахгүй бол биеэ үнэл гэж шаардаж эхэлнэ, дарамтална, сүрдүүлнэ. Өдөртөө нэг ажил 300 юань, чи аравхан өдрийн дотор 3000 юанийг нь төлчихнө гээд ажиллаж эхэлнэ. Өмнөд монгол эмэгтэй чамд “Хэрвээ чи илүү ажил хийвэл илүү хийсэн ажлынхаа хөлсийг өөрөө авна. Би тэрнээс чинь нэг ч төгрөг авахгүй” гэнэ. Тэгээд л та тухайн ажлыг хийхээс өөр аргагүй болно. Тэгээд л хүү бодно. Сарын тэмдэг ирэх үеэр чинь хүү нь яваад л байна. Улмаар сарын дараа чамайг багана тойроод ир гээд явуулна. Ирэхээр чинь 4000 мянган юань өгье гэнэ. Буцаж очвол мөнгөтэй болчихно. Чи гэрийнхэндээ гадаадад өндөр цалинтай ажил хийхээр явлаа гэж хэлсэн. Энэ байдал үргэлжлээд л байна. Эцэс сүүлд нь чи мөнгө олж чадахгүй гэдгээ ойлгоно. Нутаг буцахаар болох үед чинь өөрийнхөө оронд 1-3 хүн олж өг гэнэ. Чи тэнд мөнгө олохгүй биеэ үнэлээд байх уу, өөрийнхөө оронд хүн олж өгөх үү. Хүмүүс ихэвчлэн ойрын хүрээнээсээ хүмүүс олж өгдөг. Ингэснээр хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг гинжин холбоонд чи өөрөө орчихсон байдаг. Та Монголд хүрч ирээд тус гэмт хэргийн талаар цагдаад хандаж чадах уу. Үгүй. Яагаад гэвэл та өөрөө энэхүү гэмт хэргийн жуулчлагч болчихсон байдаг. Түүнчлэн таны асуудлыг бусад хүмүүс мэдчих гээд байдаг. Нэг ёсондоо хүн худалдаалах гэмт хэргийн зохион байгуулагчид хохирогчийг гэмт хэргийнхээ гинжин холбоонд оруулж өөрсдийгөө нууцалж байдаг гэсэн үг.

-Хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн яриа их газар авах болсон. Энд хүний наймааны шинж тэмдгүүд илэрч байна гэдэг шүү дээ?

-Зарим тохиолдолд энэ хүний наймаа болдог. Тухайн моментод хэдэн асуулт тавиад үзэх хэрэгтэй. Хүүхэд өөрөө цалин хөлсөө авч байна уу, хүүхэд өөрийнхөө орон гэрт амьдарч байна уу, сургуульдаа сурч байна уу, тухайн ажлыг хүссэн цагтаа орхиод явах боломж нь тэр хүүхдэд нээлттэй байна уу, хүүхэд үүнийхээ төлөө ямар нэг байдлаар өрийн барьцаанд орж уу гэх мэт. Одоо үед хүмүүс хүүхдээ нэг айлын мориных нь хүүхэд болгочихоод ганц нэг хонь авдаг зүйлс түгээмэл байна. Дараа сард хоолгүй юм чинь нэг төлөг, шуудай гурил эзэлчихье манай хүүхдийг ажиллуулж л байхгүй юу гэдэг ч юм уу. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийг мөлжиж амьжиргааны эх үүсвэрээ залгуулж байгаа хэлбэр юм. Энэ дээр бас нэг кэйс ярья. Гудамжинд хүүхдээр гуйлга гуйлгах хүний наймаа мөн үү. Энэ бол яг дээрх жишээтэй адил хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж буй хэрэг мөн. Сүүлийн үед хүүхдээр гуйлга гуйлгах нь илүү ноцтой хэлбэрт шилжиж байна. Өөрийнхөө хүүхдийг тэвэрч гуйлга гуйхтай зэрэгцээд хүүхдээ бусдад өдрийн 5-20 мянган төгрөгөөр түрээслүүлдэг болжээ. Нэг айл хоёр хүүхдээ түрээслүүллээ гэж бодоход өдрийн 40 мянган төгрөг гэдэг ч юм уу. Тэр мөнгөөр нь эцэг эхчүүд өөрсдийн амьжиргаагаа залгуулж байна.

-Хүний наймаа гэдэг их нарийн ойлголт болжээ?

-Манай монгол хүүхдүүд их авьяаслаг. Уян хатан, уран нугардаг. Тэгвэл тэр уран нугараач хүүхдүүдийн асуудлыг ярья. АНУ-д хохирогч болсон нэг бага насны охин бий. Түүнийг нэгэн Монгол Улсын гавьяат жүжигчин эмэгтэй АНУ-руу авч явж уран нугараач хийлгэсэн. Удалгүй тэр хүүхэд өсвөр насандаа очиж биеийн өсөлт хөгжилт, насны шилжилттэй холбоотойгоор хүсч байсан мөнгийг нь олж өгч чадахаа больжээ. Тэрнээс болж багштайгаа муудалцаж, зодуулан гадаа гудамжинд явж байгаад АНУ-ын нийгмийн халамжийн байгууллагынхны асрамжинд очсон байгаа юм. Энэ асуудал дээр АНУ ар гэрийнхэнд нь Т-Виза гэх хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод олгодог визийг өгсөн. Улмаар манай орчуулагч АНУ-руу гэрийнхнийг нь хүргэж өгч байлаа. Бас Тунгалаг гэх эмэгтэй төрсөн ахынхаа хүүхдийг Герман улсад яг дээрх кэйстэй адилхан нөхцөлд уран нугаруулж байжээ. Сар бүр хүүхдийнх нь цалин гэж аав ээж рүү нь 500 доллар явуулдаг байсан. Тэгээд хүүхэд өсвөр насандаа очиж мөнгө олж чадахаа больж дээрхтэй яг адилхан үйл явдал болсон. Харин Германы талаас эцэг эхэд нь хүүхдээ асрамжлах эрхийг нь өгөөгүй. Эцэг эхэд нь виз олгоогүй. Ямар ч улсад эцэг эх хүүхдийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заадаг. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцийн дагуу хүүхдэд олдож байгаа бүрэн эрх байдаг. Гэтэл нугараач охины эцэг эх тэжээн тэтгэх үүргээсээ татгалзаж хүүхдийг орлогын эх үүсвэр болгож хүүхдийнхээ олсон мөнгөөр амьдарч байна. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байна гэдэг утгаар буруудсан. Тэр охины эцэг эх хэрвээ Герман улсад ямар нэг байдлаар очсон бол өөрсдөө хүүхдийн хөдөлмөрийг мөлжсөн гэдэг утгаараа гэмт хэрэгтэн болох байлаа. Харин АНУ-ын кэйс дээр эцэг эх нь хүүхдээ илүү авъяас чадварыг нь хөгжүүлнэ гэж явуулсан. Тэрнээс ямар нэг мөнгө олох эх үүсвэрээ болгоогүй учраас хохирогч гэж үзэн тэдэнд тусалсан. Иймэрхүү төрлийн зүйлс зарим тохиолдолд гэмт хэрэг болно, зарим тохиолдолд болдоггүй.

-Танай байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Манай байгууллага хохирогч хамгаалал, урьдчилан сэргийлэх, жендерийн тэгш эрх гэсэн үндсэн гурван үйл ажиллагааг явуулдаг. Бид энэ оны эхний найман сарын байдлаар хүний наймааны 25 хохирогчид туслалцаа үзүүлээд байна. Түүнчлэн гадаадаас арав гаруй хохирогчийг авчирсан. Ихэвчлэн Малайз, Хятадаас авчирлаа. Та нар хохирогчдоо хаанаас олж авдаг вэ гэж хүн бүр л асуудаг. Манай байгууллага руу хохирогч өөрөө ханддаг тохиолдлууд бий. Аль эсвэл ар гэр, найз нөхөд нь залгадаг. Манай хүүхэд алга болчихлоо, сураггүй болоод олон хонож байна эрэн сурвалжлуулаад өгөөч гэдэг. Түүнчлэн 1800-1903 гэх итгэлийн утсыг ажиллуулж байна. Ихэнхдээ энэ итгэлийн утсаар манайд мэдээллүүд ирдэг.


Comments