П.БАТТУЛГА: ШҮҮГЧИЙН БУРУУ ШИЙДСЭН ХЭРГЭЭС БОЛЖ ШҮҮХИЙГ ТАТАН БУУЛГАНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ
Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулгатай ярилцлаа.
-Засгийн газар болон төрийн захиргааны шийдвэр Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй байх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Уг нь энэ шүүх ард иргэдэд амин чухал хамаатай асуудлуудыг шийддэг. Ц.Одмаа, М.Батсуурь нарын шүүгчдээс болж татан буулгахаас аргагүй гэж ярих нь буруу хандлага биш үү?
-М.Батсуурь шүүгч өмнө нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учраас холбогдож байх шиг байна. Өөр газар ажиллаж байсан шүүгчдийг алийг тэр гэхэв. Хэтэрхий нэг талыг баримтлан ажиллаж байгаа учир тус газрынхаа эрх ашгийг хамгаалж байна гэдэг байдлаар асуудалд хандах нь өрөөсгөл. Шүүгч болохын тулд тодорхой газруудад хуульчийн мэргэжлээр ажилласан байх шаардлага тавигддаг. Өмгөөлөгчөөр ажиллаж байгаад шүүгч болох ч тохиолдол бий. М.Батсуурь шүүгч урьд нь Худалдаа хөгжлийн банкинд зөвлөгөө өгч байсан учраас эрх ашгийн зөрчилтэй ажиллаж байна гэж ярих нь буруу. Ц.Одмаа шүүгчийн талаар сайн мэдэргүй байна.
Ер нь ганц нэг шүүгчийн буруу зөрүү шийдсэн асуудлаас болж нэрийг нь барин бүхэл бүтэн шүүхийн тогтолцоог татан буулгана гэдэг байж боломгүй зүйл. Үнэхээр тэр шүүгч ёс зүйн зөрчил гаргаж, бусдын нөлөөнд орсон бол үүнийг шалгадаг эрх бүхий хууль хяналтын байгууллага бий. Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд шалгаж шийдвэрлэх Шүүхийн ёс зүйн хороо гэж тусдаа байгууллага ч байгаа. Тэр байгууллагуудаар шалгуулах ёстой. Тэрнээс ямар ч нотлох баримтгүй бүхэл бүтэн шүүхийг харлуулж байгаа нь харамсалтай. Хоёр гурван асуудлыг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, Засгийн газрын Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх нь зөв үү, буруу юу гэдэг асуудал. Хоёрдугаарт, хараат бус шударга шүүх байна уу үгүй юу гэдэг асуудлыг хамтад нь авч үзэх ёстой. Хэтэрхий туйлширч Захиргааны хэргийн шүүх болохгүй байна гэх нь өрөөсгөл. Нэг шүүгчийн шударга бус шийдвэрээс нь улбаалан шүүхийн тогтолцоог татан буулгах хэмжээний асуудал ярих нь зоримжгүй. Нөгөө талаас шүүх шударга сайхан шийдэж байна гэх нь мөн өрөөсгөл. Тэгэхээр аль аль талыг нь тэнцвэртэй байдлаар авч үзээд асуудлаа зөв гаргаж өнөөдрийг хүртэл олсон дэвшилтээсээ ухрахгүйгээр зөв арга замыг олж улам төгөлдөржүүлж цаашлах хэрэгтэй.
-Эрдэнэтийн 49 хувийн маргаан шийдэгдээгүй байгаа биз дээ?
-Эрдэнэтийн 49 хувийн маргааны эцсийн шийдвэр нь гараагүй шүү дээ. Анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч буюу “Mongolian copper corporation”-ийн шийдвэр хангагдсан. Улмаар давж заалдах шүүхэд үлдээсэн. Харин тэр хэргийг Хяналтын шатны шүүх давж заалдах шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна гээд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Уг ажиллагаа хийгдээд явж байх үед УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын тогтоол гархаас өмнө энэ маргаан хяналтын шатны шүүхээс буцаад хэлэлцэгдээд явж байлаа. УИХ Эрдэнэтийн 49 хувийг авах тогтоол гаргасан. Үүний дараа захиргааны хэргийн шүүх эцсийн байдлаар маргаанаа шийдээгүй байгаа. Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гээд шийдчихсэн. Үүний дараа захиргааны хэргийн шүүхэд энэ маргаан эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй. Процесс үргэлжилж байна. Захиргааны хэргийн шүүх Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа талд 100 хувь шийдвэр гаргаад бүх юм дуусчихсан гэдэг байдлаар хүмүүс ойлгоод байх шиг байна. Тийм юм байхгүй. Хуульчийн хувьд хэлэхэд Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр давуу байдал үүсгэлээ гэж хараад байх шиг байна. Тэдний хэрэгжүүлж байгаа гэх УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчөөгүй гээд гаргачихсан. Үндсэн хуульд нийцсэн тэр тогтоолыг хэрэгжүүлж байгаа Засгийн газар юмуу, бусад захиргааны байгууллагын шийдвэр шүүх дээр ялах магадлал харагдаад байна гэсэн үг шүү дээ. Огт тийм юм байхгүй Захиргааны хэргийн шүүх эсрэг шийдвэр гаргах гээд байна гэж урьдчилан харах нь буруу л даа.
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуульч шүүгч нараа “нохой” гэж хэлснээрээ маш том эсэргүүцэлтэй тулгарч байна. Уг мэдэгдлийн талаар юу гэж бодож байна вэ?
-Хөндлөнгийн байр сууринаас дуугарч байгаа хуульчид бий. Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт буруу гэх үзэл баримтлалаараа. Бүгд л засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Бүх хүмүүсийг Эрдэнэтийн 49 хувийг хамгаалагчид тэдний талын хүмүүс гэдэг байдлаар хандах нь буруу. Мэдээж бидний өнцөг 49 хувийн талынханд ашигтай. Тэдний талд ажиллаж байгаа хүмүүс хуульчдын үзэл баримтлал хэлсэн ярьсан үгсийг нь олон нийтийн хэрэгслээр спонсорлож сошиалаар дахин дахин гаргах нь тодорхой. Үүнээс улбаалан бүх хуульчдыг эсрэг тал гэдэг байдлаар хандах нь зохимжгүй. Мэдээж Засгийн газрын өргөн мэдүүлж буй хуулийн төсөл 100 хувь зөв гэхэд хэцүү. Угаасаа олон нийт харж байгаа. Илүү нээлттэй хэлэлцүүлэг хийж асуудлаа зөв талаас нь шийдвэрлэх хэрэгтэй.
-Засгийн газрын хийж байгаа үйл ажиллагаа шүүхийн шийдвэрт нөлөөлөх арга байж болох уу?
-Болно. Засгийн газрын хийж байгаа үйл ажиллаагаа шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөх хэмжээний санаатай тактикийн ажил гэж харж байна. Яг одоо хуульд өөрчлөлт оруулчихъя гэдэг байдлаас биш. Ухаандаа шүүхээр тактикийн шинжтэй шийдвэр гаргуулах гэж байна. Миний хувьд эвгүйтэх юм бол шүүх ер нь байхгүй болох юм биш үү гэдэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх ажил гэж харж байгаа. Шүүхэд маргаан процесс явагдаж байгаа шүү дээ. Тиймээс тактикийн шинжтэй үйлдэл гаргав уу гэж дотроо бодсон. Нөгөөтэйгүүр хуулийн төсөл хэтэрхий өргөн хүрээтэй орж ирсэн. Тэрийг хумиж болно гэж байгаа. Тэр ч мөн тактикийн шинжтэй үйлдэл байж магадгүй. Яагаад гэвэл УИХ-д Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлдэг Төрийн захиргааны төв, Нутгийн захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа гэж байгаа шүү дээ. Тиймээс ийм өргөн хүрээтэй орж ирж байгаа хуулийн төслийн хувьд Засгийн газраас бусдыг нь Захиргааны ерөнхий хуульд оруулаад өөрсдөө уг хуулийн хяналтнаас гарах тактикийн шинжтэй үйлдэл байх. Тэгээд л уг хуулийн төслийг хэтэрхий өргөн хүрээгээр УИХ-д өргөн мэдүүлсэн байж болох юм.
Б.АМАРТҮВШИН
Comments