ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ УЛМААС 45 ИРГЭН ХӨСҮТ-Д ХАНДЖЭЭ
Сүүлийн үед бороо орсны улмаас бохирдсон хөрсөн дээр ус ихээр тунаж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд муугаар нөлөөлдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн Дунд буудал гэх газар өчигдөр очлоо. Эндхийн гэр хорооллын гудамжинд хөл гишгэх зайгүй шалбааг тогтжээ. Хүүхдүүд ч мэр сэр шалбааг дээр тоглож харагдана. Монголчуудын бяцхан үрсийн тоглож буй тус шалбаагны цаадах толгод дээр орших гэрийн урд модон жорлон байв. Тус жорлонгийн нэг банз нь хугарч тэндээс нь ариун цэврийн цаас болон, өтгөн гудамж, зам руу урссан ул мөр харагдлаа.
Энэ талаар 27 дугаар хорооны иргэн Д.Уранболор “Энэ хавь бороотой үед маш их үерлэдэг. Гудамж замаар явахын эцэсгүй ус тогтоно. Айлуудын жорлон халиад ямар хэцүү юм. Манай гудамжны айлуудын жорлон бараг хальдаггүй юм. Тэр мод зардаг газраас цааш нэлэнхүйдээ усанд автана шүү дээ. Бохирын ус уу, жорлонгийнх уу гэдэг нь мэдэгдэхгүй л урсаад байдаг. Тэнд бол жорлонгийн ус хальж л байгаа. Жаахан хүүхэдтэй айл зөндөө байдаг. Тиймээс хүүхдүүд нь борооны ус туулаад тоглож харагддаг” гэлээ.
Их устай бороо орсны улмаас тус хорооны гудамж талбай нэлэнхүйдээ усанд автаж оршин суугчид нь гэрээсээ гарч чаддаггүй аж. Жорлонгийн ус нь хальж, тэр нь гол шиг л гудамж талбай руу урсдаг гэнэ. Гэрээсээ ч гарч чадахгүй болсон иргэд саванд бие засчихаад үерийн ус руу асгадаг ажээ. Үерийн усны шалбааг дээр тоглож байсан н.Төгөлдөр хүүтэй ярилцлаа. Тэрээр “Шалбаагтай усан дээр хааяа л тоглодог. Бороо их орж, гудамж усаар дүүрэх үед өмдөө нортол тоглоно шүү дээ. Одоо шавар нь хатчихсан байна. Тэрнээс шалбаагт хөл шигдээд явж болдоггүй. Тоглож дууссаныхаа дараа ус бүлээсгэж байгаад гар хөлөө угаадаг. Аав, ээж “Балиар юман дээр битгий тоглоод бай” гэж хааяа хэлдэг” гэсэн юм. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны зохион байгуулагчтай уулзлаа. Тэрээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын ажил хийх байх. Одоогоор эхлээгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хөрснөөс дээж авч, бохирдлын хэмжээг лаборторидоо шинжилдэг. Бохирдол ихтэй гэсэн дүгнэлт, шинжилгээ гарвал ариутгалын ажлыг нэн даруй хийж эхэлнэ. Энэхүү гүйцэтгэлийн ажлыг Баянзүрх дүүрэгтэй гэрээ байгуулан хамтарч ажилладаг ариутгалын компаниуд хийж гүйцэтгэх байх. Бид жорлонгийн бохирын асуудлын талаар албан бичиг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн. Энэ ажил шат шатандаа хийгдээд явж байна” гэв.
Албаны хүмүүсийг шат шатандаа бичиг хүргүүлж байх үед бидний үр хойч бохирдолтой зам, гудамжид тоглож наадсаар байна. Үерийн улмаас жорлон, бохирын ус хальж хөрсийг маш ихээр бохирдуулдаг. Хөрс бохирдсон үед гэдэсний халдвар авах эрсдэл их. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар суулгалт өвчин Нийслэлийн хэмжээнд эрс нэмэгдсэн гэнэ.
Жорлонгийн бохирдолтой усанд маш их нян, бактери агуулагдажбайдаг гэв
Энэ сарын 16-ны байдлаар гэхэд 118 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Эдгээрээс 65 хүн нь халдвартай гэж батлагдсан бөгөөд 45 нь гэдэсний халдварт өвчтэй байжээ. 27 дугаар хорооны иргэн Г.Батцэцэг “Бидэнд Гэдэсний халдварт өвчний талаар мэдээлэл бараг байдаггүй. Зурагтаар хааяа гарахаар нь үздэг. Энэ талаар манай хорооны өрхийн эмнэлгүүд мэдээлэл өгдөггүй. Эмч нар нь байнга солигддог, үйлчилгээ, мэдлэг их тааруу. Бид хүүхдүүдээ өвдөхөөр өөрсдөө л таамгаараа эм авч уулгадаг. Эмнэлэгт үзүүлэхээр их үнэтэй эм бичиж өгнө. Хэрэглэхээр ямар ч үр дүнгүй. Өөрсдийн аргаараа л хүүхдүүдээ эмчилж байна даа” гэлээ. Баянзүрх дүүргийн 27-р хорооны “Амцайх”-ын өрхийн эрүүл мэнд төвийн их эмч Б.Батхүүгээс гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн сэргийлж ажиллаж байгаа талаар тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн өдрүүдэд орсон их устай аадар бороонд манай хорооны 400 гаруй айл үерт автсан. Үүнээс болж гурван хүүхэд гэдэсний халдварт өвчин туссан. Хорооны эмч, сувилагчид оршин суугчиддаа зөвөлгөө мэдээлэл өгч, бороо орсны дараа жорлонгийн бохироос үүсэх гэдэсний халдварт өвчлөлөөс хэрхэн өөрийгөө болон, хүүхдээ хамгаалах талаар зааж өгсөн. Мөн зун эхэлж, бороо их орсноос хөрсний бохирдол үүсч байна. Үүнийг дагаад хүмүүсийн гэдэсний халдварт өвчин ихэсч байгаа. Учир нь бороо их орсноор айлуудын жорлонгийн ус хальж хашаан дотроо гол шиг урсах болсон. Жорлонгийн бохирдолтой усанд маш их нян, бактери агуулагдаж байдаг. Энэ нь буцаад шингэхдээ зарим газраа шалбааг болж тогтдог. Үүн дээр хүүхдүүд тоглочихоод дараа нь гараа дутуу угааснаас өвчлөл үүссэн тохиолдол гардаг. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал халамж маш сайн тавьж байх хэрэгтэй” гэлээ.
Ж.Энхцэцэг: Иргэд бие засах газрын ариутгалаа өөрсдөө хийх бүрэн боломжтой
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дархлаажуулалтын мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Иргэд Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
-Бороо их орж байгаа учир гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна. Үүнээс сэргийлэхийн тулд иргэдэд хангалттай хэмжээний аюулгүй цэвэр усаар хангагдсан байх ёстой. Өдөрт дор хаяж 15 литр ус ахуйн хэрэглээнд хэрэглэх. Үүнээс 2,5-4 литр усыг ууж хэрэглэх ёстой.
-Эрүүл ахуйн дадлуудаас дурдаач?
-Хамгийн түрүүнд бие зассаны дараа, хоол хийхийн өмнө, цэвэрлэгээ ариутгал хийсний дараа бактерийн эсрэг савангаар гараа угааж хэвш. Мөн эрүүл мэндийн хамгийн энгийн хэрэглээг хангах боломжийг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, зориулалтын бие засах газар ашиглах, хэрэв бие засах газар эвдэрсэн бол яаралтай засаж ашиглалтад оруулаххэрэгтэй. Түүнчлэн ил задгай бие засахгүй байх. Хэрэв бие зассан бол тэр дор нь яаралтай булж хэвшмээр байна.
-Жорлонгийн халдваргүйжүүлэлтийг иргэд хувийн зүгээс хэрхэн хангаж болох уу?
-Хамгийн түрүүнд бие засах газар ус хангамжийн газраас, 50 метрээс хол байх нь чухал. Иргэд хувийн зүгээс бие засах газрынхаа эргэн тойрны хөрсийг байнга ариутгаж хэвшиж чадвал жорлонгоо халдваргүйжүүлэх боломжтой. Айлуудын жорлон бороо орохоор хальж гарч ирээд орчин тойрноо бохирдуулдаг. Ариутгалын компаниудыг заавал хүлээлгүйгээр хувь хүмүүс өөрсдөө ариутгалын “Тамир” хэмээх бодисыг худалдаж аваад ариутгалаа хийж болно шүү дээ. Бороо орох үед иргэд ус цахилгаанаас хол байх, ил задгай байгаа цахилгааны утсаа янзлах. Хүүхдэдээ үргэлж анхаарал хяналт тавих хэрэгтэй. Ард иргэд ундны усыг үргэлж буцалгаж хэрэглэж заншаарай. Цаг агаарын мэдээг тогтмол сонсож, ажил төрлөө зохицуулах нь чухал. Ард иргэд үерийн усны аюул тохиолдвол өөртөө болон бусдад тусалж хэвшээрэй. Үерийн усаар маш их нян тээвэрлэгддэг тул, мэргэжлийн хяналтын туслалцаа авах шаардлагатай, Аялал зугаалгаар явахдаа болж өгвөл гол уснаас хол байх, хоол ундны болон ахуйн хэрэглээний сав суулгыг үерийн усны үед цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байх, үерийн усны зам гольдрогын дагуу майхан, гэрээ байрлуулахгүй байх ёстой гэв.
Гудамж, талбай өтгөнөөр дүүрч, хүүхэд багачууд гэдэсний халдвараар өвчилж их устай аадар бороо гамшигийн хэмжээнд хүрлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөрсний ариутгалын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Хотын удирдлагаас дүүргүүдэд захирамж гаргаж, бүх газруудад ариутгал хийх үүрэг өглөө. ХӨСҮТ-д гэдэсний халдвараар өвчилсөн иргэд дугаарлаж байгаа учир Нийслэлийн эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.
Б.АМАРТҮВШИН
Comments