ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМААР ЖОЛООЧ НАР ТАВАН КМ ЦАГААС ИЛҮҮ ХУРДЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

 

Сүүлийн үед хороолол дундах зам дагуу хүүхдүүд автомашинд мөргүүлж гэмтэх осол багагүй бүртгэгджээ. Энэ нь сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой аж. Хүүхдүүд хөдөө зуслан, лагер руугаа явж амжаагүй болохоор гудамж талбайд скутер, дугуй, бөмбөгөөр тоглож байгаа. Тоглоомондоо улайрч, ар араасаа хөөцөлдөж гүйлдсэн багачууд машин явж буйг ч анзаардаггүй. Дээрээс нь хүүхдийн тоглоомын талбай хомс болохоор хүүхдүүд шууд автомашины зам дагуу тоглож, хөөцөлдөж яваад машины урдуур орж бэртэж гэмтэж байна. Энэ талаар сурвалжлахаар бид өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох XI хорооллын орчимд очлоо. Хорооллуудын дундах нарийн замуудаар явж буй автомашинуудтай зэрэгцэн хүүхдүүд хамаагүй гүйлдэх юм. Бага ангийн сурагчид бололтой хэдэн хүү уралдан гүйж байгаад нэг нь гэнэт замаа товчлон тэнд явж байсан автомашины урдуур ороод жирийв. Жолооч огцом тоормос гишгэж амжаагүй бол хүү дайруулж болзошгүй байсан юм. Тус хорооллын тоглоомын талбай дээр гараа гипсдүүлсэн хүү зогсож байлаа. Тэрээр Машинд мөргүүлсэн аж. “Дугуйгаа унамаар л байна. Даанч гараа гэмтээчихсэн. Дахиад гараа гэмтээхгүй ээ. Манай найзууд бүгдээрээ скутерээр уралдах гээд явчихсан. Би гараа гэмтээсэн болохоор намайг дагуулж яваагүй” гэж тэр хүү өгүүлэв.

ЭЦЭГ ЭХЧҮҮД 12-ООС ДООШНАСНЫ ХҮҮХДИЙГ ҮРГЭЛЖ ХАРАА ХЯНАЛТТАЙ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭЛЭЭ

Хэд хоногийн өмнө нэгдүгээр хороололд дугуй унаад явж байсан хүүхэд автын осолд өртсөн хэрэг гарсан байна. Эцэг эх нь хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвд сахиад хэвтэж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Гэтэл түүнийг дайрсан жолооч “Би 20 км цагийн хурдтай явсан” гэж мэдүүлсэн байна. Өөр нэг бага насны хүү тоглоомын талбайд явж байгаад приустэй жолоочид мөргүүлсэн хэрэг гарчээ. Хүү нуруунаас доош мэдээгүй болсон аж. Энэ мэтчилэн томчуудын хараа хяналтаас гадуур хүүхдүүд гэмтэж, бэртэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

Цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас дараахь тодруулгыг авлаа.


-Хүүхдүүд юунаас болж зам тээврийн осолд өртөж байна вэ?

-Халуун дулааны улирал эхэлчихсэн байна. Хүүхдүүд зам дээр дугуй, скүтертэй явах нь ихэссэн. Үүнийг дагаад осол аваар ч нэмэдлээ. Эцэг эхчүүд 12-оос доош насны хүүхдийг үргэлж хараа хяналтан дороо байлгах ёстой. Аюулгүй ажиллагааны зааврыг биечилж зааж өгөх нь зөв. Хүүхдүүд замын хөдөлгөөнд хараа, сэтгэхүйгээр үнэлэлт, дүгнэлт өгдөг. Тийм учраас эндээс тийм хурдтай машин гарч ирээд намайг мөргөнө гэсэн ойлголт тэдэнд байхгүй шүү дээ. Жолооч нар хороолол дундах замд 20 километр цагаас илүү хурдалж болохгүй гэж заасан байдаг. Гэвч ачиж байгаа ачаа, байгалийн үзэгдэл зэргээс хамаарч хөдөлгөөний хурдаа сонгож явна гэсэн заалт бий. Жолооч нар хорооллын доторх хөдөлгөөнд 20 биш, таван километр цагийн хурдтай явах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлал 20-40 хувиар буурах тооцоо судалгаа бий. Зам тээврийн ослын улмаас 2017 онд 507 хүн нас барсны 57 нь хүүхэд байсан.

-Хүүхдийн тоглоомын талбай хомс болохоор тэд зам руу гүйгээд байна уу?

-Жолооч нар хорооллын дундах хоёр эгнээтэй, зорчих хэсгийн замын нэгдүгээр эгнээг зөвхөн зогсоолын хэлбэрээр ашиглаж байна. Зайгүй зогссон тээврийн хэрэгслийн дундуур өндөр настан, хүүхэд гараад ирэхэд 20-30 километр цагийн хурдтай явж буй жолооч нар осол гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Хорооллын доторх хөдөлгөөн маш аюултай. Хаанаас ч хамаагүй тоглоомын талбай, дэлгүүр явж байгаа хүмүүс гараад ирэх боломжтой. Үүн дээр онцгойлон анхаарч тээврийн хэрэгслүүд нэгдүгээр эгнээнд машинаа битгий тавиач ээ гэж уриалж байна. Мөн СӨХ-үүд байрны аюулгүй ажиллагааны зөвлөл байгуулан үүгээрээ дамжуулж бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Хорооллын дундах хүүхэд болон явган хүн зорчдог замыг машин замаас тусгаарлаж, хашаажуулах зэрэг. Мөн СӨХ-үүд хүүхдүүдийн хараа хяналттай байна уу, хэрхэн замын хөдөлгөөнд оролцож байгааг хянаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч нарыг Цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг ажлуудыг хийдэг урамшуулалт эргүүлийг санаачлан зохион байгуулах хэрэгтэй. Замын хөдөлгөөнд 100 хувь анхаарлаа хандуулдаг жолооч нар барагтай л байдаггүй. Согтуу, хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцож байна. Сүүлийн үед мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн хүмүүс хөдөлгөөнд оролцож байгаа. Халуунд даралт нь 200 гарсан хүмүүс ч явж байна. Жолооч нар маш хариуцлагатай байж анхаарлаа 75-аас дээш хувь төвлөрүүлэх хэрэгтэй. Эндээс хүүхэд гараад ирэх вий дээ гэсэн жолооч сэтгэлгээ хэрэгтэй байна.

-Хэд орчим насны жолооч нар голдуу зам тээврийн осол гаргаж байна?

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар ихэвчлэн туршлагагүй байдаг. Зам тээврийн осолд өртсөн жолоочдын 50 гаруй хувь нь ердөө 0-7 жил жолоо барьсан байдаг. Харин 10-аас дээш жил барьсан жолоочид зам тээврийн осолд бага өртдөг гэсэн судалгаа бий. Энэ нь жолооч бэлтгэх үйл ажиллагаатай шууд холбоотой. Ялангуяа 18 нас дөнгөж хүрсэн туршлагагүй хүүхдүүд хамаагүй онгирч, давхиж байгаад аваар хийсэн тохиолдол их. Энэ бол дадлага туршлага, сэтгэл зүйн бэлтгэгдсэн байдал дутагдсаных. Жолооны үнэмлэх авах насыг өндөрсөе гэж нэлээн яригдсан. Гэвч хүүхдүүд 18 наснаас эхлэн жолооч болох сонирхолтой байгаад байна. Үүнийг хуульчилна гэвэл их түвэгтэй. Сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд жолооч бэлтгэх үйл ажиллагааг оруулж өгвөл зүгээр. Төгсөхөд нь үнэмлэхийг нь өгөөд төгсгөдөг. Шинэ жолоочид болон бусад хүний амь насыг хамгаалахыг тулд сургалтын орчинг нь сайжруулж чанаржуулах нь чухал. Монгол Улсад бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслүүдийн 51 хувь нь буруу талдаа жолоотой. 2017 онд зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг аваад үзэхэд 72 хувь нь мөн буруу талдаа жолооны хүрдтэй машин байна.

Зам тээврийн ослын гэмт хэргүүдийг бууруулсан туршлагыг харахаар эдийн засаг, түрүүвчээр нь дамжаад аюулгүй ажиллагааг дадал болгодог юм. Харин Зөрчлийн хуулиар авч байгаа арга хэмжээний нөлөөлөл их бага харагдаж байгаа. Үүнийг чангаруулах, хүчирхэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсад хүүхдээ буруу тээвэрлээд явж байгаа хүнийг торгоод ямар ч нөлөөгүй. Гэтэл бусад оронд эцэг, эх байх эрхийг нь хасаж байна. Бүр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Манай улсын эрх зүйн зохицуулалт үнэхээр сул нөлөөгүй байгаа. Ялангуяа согтуу, болон хурд хэтрүүлж байгаа жолооч нар дээр хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.


Б.АМАРТҮВШИН


Comments