“ЦЭНХЭР ХАЛИМ” ХЭМЭЭХ ХИЙ ҮЗЭГДЭЛ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ АНГУУЧИЛСААР БАЙХ УУ
Тоглоом гэх нэрийн дор хүний амь насыг авч оддог онц аюултай нийгмийн сүлжээ “Цэнхэр халим” олон улсад төдийгүй Монголд гарах болсоор удлаа. Өнгөрсөн онд 130 гаруй хүүхэд тус тоглоомыг тоглосон гэдгийг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Фэйсбүүкийн групп чатаар явагддаг уг сүлжээ шил шилээ даран үүсч Монголд нутагшсан байна. ОХУ-д энэхүү сүлжээнээс улбаалан 130 гаруй хүүхэд амиа хорлосон гэх таагүй мэдээ байдаг аж. “Цэнхэр халим” тоглоомд өсвөр насны хүүхдүүд уруу татагдах нь элбэг. Хүүхдүүд ихэвчлэн тоглоом гэж эндүүрэн сүлжээнд нэвтэрдэг гэнэ.
12 ДУГААР АНГИЙН СУРАГЧ “ЦЭНХЭР ХАЛИМ”-ЫГ ТОГЛОСНЫ УЛМААС АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Өнгөрсөн онд Эрдэнэт хотод 15-19 насны хоёр охин байшин дээрээс зэрэг үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байдаг.
Охидын үхлийн шалтгааныг тус газрын оршин суугчид “Цэнхэр халим” тоглоомоос болсон байх хэмээн таамаглаж байгаа юм. Уг хэрэг болохоос өмнө хоёр найз үүнтэй адил шалтгаанаар амиа алдсан тохиолдол гарчээ. Энэ төрлийн гэмт хэргээс болж сүүлийн жилүүдэд хүүхдүүд амиа хорлох нь ихэссэн гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цэнхэр халим”-тай холбоотой хэрэг дахин гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч А гэртээ өөрийгөө дүүжилж, амиа алдсан байдалтай олджээ. Уг хэргийн учир шалтгааныг түүний асран хамгаалагчид судалж үзэхэд “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө хохирогч А-гийн гар утсыг эцэг, эх нь хурааж авсан гэнэ. Харин хохирогч хүү 2000 нэгж авч хөрш айлынхаа найзын утаснаас интернэтэд холбогддог байжээ. Хохирогч А-г амиа алдсаны дараа түүний асран хамгаалагчид утсыг нь шалгаж үзтэл нэгэн учир битүүлэг фейсбүүк групп олдсон байна. Тус групп 1700 орчим гишүүнтэй бөгөөд тэд хоорондоо элдэв янзын даалгавар биелүүлэхийг шаарддаг байсан ажээ. Талийгаач А-гийн ар гэрийнхэн нь одоогоор үхлийн шалтгааныг тодруулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаад байгаа гэв. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Иймээс эцэг, эхчүүдийг дунд сургуулийн хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж байна.
ЧИГЛҮҮЛЭГЧ СҮРДҮҮЛЖ ДААЛГАВАР ӨГДӨГ БАЙСАН ГЭВ
Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба “Цэнхэр халим” нэртэй фэйсбүүк хуудас, бүлэг шинээр үүсгэж, хүүхдүүдийг бүртгэн, далд хэлбэрээр сурталчилсан цөөнгүй тохиолдол бүртгэжээ. Уг тоглоомоор тоглосон, шинэ хаяг үүсгэсэн хүүхдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлэн шалгасан байна. Харин даалгавар өгч чиглүүлж байсан этгээд тоглоомоос гарах үр дагаврыг ухамсарлаагүй өсвөр насны хүүхэд байжээ. Тэрээр “Эхлээд сонирхоод “Цэнхэр халим” нэртэй цахим хаяг нээсэн. Гэтэл богинохон хугацаанд олон дагагчтай болсон. Даалгавруудыг нь интернэтээс харж хэлдэг байсан. Энэ хугацаанд 300 гаруй даалгавар авагчтай болсон” гэж мэдүүлжээ. Түүний хохирогчдын нэг нь 12 настай охин бөгөөд “Чиглүүлэгч сүрдүүлж даалгавар өгдөг байсан” хэмээн ярьсан юм.
Өнгөрсөн онд “Цэнхэр халим” тоглоомыг тоглосон байж болзошгүй хэргийг шалгах явцад хэд хэдэн бүлэг, групп үүсгэсэн, дагагчдын тоо олон байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, таслан зогсоожээ. Мөн сурагчид болон оюутнууд дээрх тоглоомд нэгдэн, нэгэндээ даалгавар өгч, эхний даалгавруудаа биелүүлж биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг мэдээллээ. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбод, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрснээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг байна.
Энэхүү тоглоомоор тогло-дог байсан Б-гээс тодруулахад “Бид даалгавар өгөгчийг “Цэнхэр халим” гэдэг. Тэрээр тоглогчдод тусгай код өгч “халим” гэж нэрлэдэг. Тэр халимуудад даалгавар өгч хийж чадахгүй бол гэр бүлийнхэн рүү нь дайрна гэж сүрдүүлж байсан. Гар дээр юм зуруулах, сийчүүлэх гэх зэрэг даалгавар өгдөг байлаа. Одоо ч манай найзуудын дунд тоглодог хүүхэд бий” гэв.
Уг тоглоомыг тоглож байсан бас нэгэн залууг цагдаагийнхан байцаажээ. Тэрээр “Анх сонирхож тоглосон. Тэгээд хэдэн хүнд даалгавар өгсөн. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Анх ороход гурван хүн байсан. Бүлгийн нэг удирдагчид нь хүсэлт тавьж, тухайн группын үйл ажиллагааг чиглүүлдэг болсон. Тэгээд 300 гаруй хүн элсүүлсэн. Даалгаврыг анх фэйсбүүк хуудаснаас олсон” гэж мэдүүлжээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин дээрх тоглоомд уруу татагдсан агаад цагдаагийнханд “Дүү нарын чинь зурагнуудыг авч байгаад бусад бүлгүүдэд тавина, чиний бүх мэдээллийг ямар нэгэн байдлаар олж авч чадна” гээд гар, хөл дээрээ хутгаар сийчиж, зүүгээр хатгахыг үүрэг болгосон хэмээсэн байна. Тэр охиныг бусдад уруу татагдан, биедээ гэмтэл учруулж болзошгүй талаар аавынх нь утас руу цагдаагийнхан залгаж хэлжээ.
“Цэнхэр халим” группын удирдагч гишүүдээ элдэв бусаар дарамталдаг аж. Тухайлбал, Чи дөрвөн цагт унтахгүй бол хэвийн биш, сэтгэцийн өвчтэй гэх мэт. Энэхүү дарамтлалуудыг хүүхдүүд чухал зүйл гэж ойлгодог нь хачирхалтай. Улмаар хүүхдүүд нэг нэгийгээ уруу татаж, тоглохгүй гэсэн нэгнийгээ аймхай хулчгараар нь дууддаг аж.
Нийгмийн сүлжээгээр тархаад буй "Цэнхэр халим" хэмээх тоглоом нь өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг. Энэхүү тоглоом нь оролцогчоо амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг.
Энэ тоглоом манай улсад аль хэдийн орж ирсэн. Уг тоглоомын дагуу нийт 50 даалгавар биелүүлдэг. Тоглоомыг тоглож эхлэх үед даалгавар өгөгчийн зүгээс тоглож буй хүнд өөрийгөө өвтгөх, аймшигтай бичлэг үзэх зэрэг даалгавруудыг өгч, үүгээр ч зогсохгүй тоглогчоос мөнгө нэхэж, хэрвээ тоглоомноос татгалзах гэвэл хувийн мэдээлэл дээр нь үндэслэн сүрдүүлдэг. Гэр бүлийнхэн болон тоглогчийг өөрийг нь сүрдүүлснээр яах ч аргагүй байдалд орон айдаст автаж, өөр хүмүүст хандаж чаддаггүй аж. Дахин сануулахад уг тоглоом өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм.
Б.АМАРТҮВШИН
Comments