СУРАГЧ АМИА АЛДЛАА, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА, 79-Р СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ НАР ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж тавдугаар ангийн хүү дарагдаж амиа алдсан хэрэг энэ сарын 18-нд гарсан. Сургуулийн орчинд сурагч хүү амиа алдсан нь ноцтой хэрэг боллоо. Энэ хэргийг сурвалжлахаар Шар хадны эцсийн буудалд орших 79 дүгээр сургуулийг зорилоо. Тухайн сургууль гурван хичээлийн байртай аж. Уг хэрэг болсон хөлбөмбөгийн талбай сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд харагдана. Хөлбөмбөгийн талбайг битүүмжилжээ. Хүүхдийн аминд хүрсэн гэх нөгөөх хөндлөвч төмөр байсангүй. Хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгэн дээр асгарсан цус одоог хүртэл хатаагүй байв. Үүний хажууханд хагарсан хөлбөмбөгийн бөмбөг хэвтэж байлаа. Тус сургуулийн захирал болон биеийн тамирын багш Цагдаагийн байгууллагад байцаагдаж байгаа гэж сургуулийн ажилчид хэлсэн юм.
Уг хэргийн талаар тухайн өдөр ээлжинд гарч байсан сургуулийн жижүүрээс тодрууллаа. Тэрээр “Сургуулиас гарч ирэхэд хүү цус, хөөсөөр бөөлжиж ам хамраас нь цус гоожиж байсан. Тухайн үед цуг тоглож байсан хүүхдүүд нь бүгд явсан байлаа. Урд талын дэлгүүрийн залуу болон хоёр сургуулийн насны хүүхэд намайг очиход байсан. Хүүхдийн биеийн байдал маш муу, ухаангүй, гэхдээ арай нас бараагүй байлаа. Тэгээд бид даруй түргэн тусламж дуудсан. Түргэн маш шуурхай ирж эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлээд аваад явсан. Тэд хашаанаас дөнгөж гараад “Энэ хүүхэд өнгөрчлөө” гээд буцаад ирсэн. Тэгээд бид цагдаа дуудсан. Хүүхдүүд хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр дээр гарч тоглож байгаад л нэгнийгээ гэмтээсэн гэж би бодож байна. Хаалгыг тогтоодог суурийн нэг талын төмөр нь хулгайд алдагдсан учраас хүүхдүүд ганхуулж унагаагаад байдаг байсан” гэлээ.

Хохирогч хүү 19.00 цагийн орчимд амиа алдсан бөгөөд 20 минутын дараа цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн аж. Цагдаагийн байгууллагаас “79 дүгээр сургуулийн сурагч 11 настай хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж, нас барсан хэрэг өчигдөр оройн 19.20 цагт бүртгэгдсэн. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэсэн юм. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Энэ асуудалд ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд эндсэн. Тэр хавийн хүмүүс хөлбөмбөгийн талбайн төмрийн нэг талыг нь хулгайлсан, тэр нь догонцсон байхад нь хүүхдүүд тоглосон нь осол гарах шалтгаан болжээ” гэлээ.

Энэ хэргийн мөрөөр 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэтэй уулзлаа. Тэрээр “Цаашид сургуулийнхаа засвар үйлчилгээг хийнэ. Хүүгийн гэр бүлийнхнээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийлж байна. Ар гэрийн хүмүүстэй нь холбоо бариагүй. Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх. Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ” гэлээ.

Амь насаа алдсан хүүгийн авга эгч Ц.Алтантуяаг байцаагчтайгаа уулзчихаад шүүх эмнэлэг рүү явж байхад нь уулзсан юм. Тэрээр “Тус сургуулийн аюулгүй байдал муу байснаас болж миний дүү эндчихлээ. Үнэхээр гомдолтой байна. Оройн 18.00 цагийн үед манай дүү цайгаа уучихаад тоглочихоод ирье гээд гарсан. Тэгээд цаг гаруйн дараа эмээ рүү нь түргэнээс залгасан гэсэн. Эмээ нь утсаа авахгүй болохоор бид нар луу залгаад сургуулийн талбайд ийм зүйл болчихлоо” гэж ярьсан. Биднийг ирэхэд түргэний тэрэг, шүүх эмнэлгийн машин дүүг минь аваад явсан. Бид нар дүүгийнхээ барааг хараагүй, осол болсон газрыг нь харсан. Өчигдөр сургууль дээр чинь ийм юм болчихлоо захирал нь байна уу гэхэд надтай ердөөсөө харьцаагүй. Биеийн тамирын багш нь “14 хоногийн өмнө гагнасан” гэсэн. Тэгээд очоод харахад гагнасан зүйл харагдаагүй. Хүүхэд эндчихээд байхад сургуулийн зүгээс хэн ч надтай холбогдоогүй байна. Биеийн тамирын багш нь сургууль амарчихсан болохоор бид нарт хамаагүй гэсэн утгатай үг хэлсэн. Үнэхээр эвдрэл гэмтэлтэй байсан юм бол энэ талбайг яагаад хаагаагүй юм. Сургуулийн захиргаа анхааруулсан бол тийшээ хүн орохгүй шүү дээ. Миний зүгээс үнэхээр гомдолтой байна. Тавдугаар ангийн балчир хүү байсан юм. Бид нар гуравхан сартай байхад нь авч өсгөсөн. Эмээ, өвөө, эгч, аавтайгаа хамт амьдардаг. Аав нь барилгын ажил хийдэг, гэр бүлээ тэжээдэг хүн байдаг. Хүүхдийн амь эрсдчихээд байхад сургуулийн зүгээс, “Хараа хяналтгүй хүүхэд байсан” гэж хэлж болохгүй гэсэн юм.

Тус талбайн хаалганы хөндлөвч төмөр үргэлж унадаг байсан талаар тэрүүгээр явж байсан гурван хүү ярьсан юм. Тэдний нэг н.Ариунтөгс “Энэ талбай дээр байнга тоглодог. Бид нарыг тоглож байхад хаалганы төмөр хэд хэдэн удаа унасан. Миний хөл дээр нэг удаа унаж байсан. Манай ангийн Б.Тэмүүжингийн нуруун дээр бас унаж байсан. Тэгээд жоохон сууж байгаад зүгээр болсон. Энэ хавьд өөр тоглоомын талбай байхгүй учраас энд л ирж тоглодог. Заримдаа чулуугаар хөлбөмбөгийн хаалга хийж тоглодог. Энэ хэргийн талаар мэдээгээр сонссон” гэв.

Тус сургуулийн хөлбөмбөгийн талбай аюулгүй ажиллагааны стандарт нормийг баримтлаагүй байжээ. Өдөр бүр хүүхдүүд ирж тоглодог тус талбайн хаалга унаж хүүхдүүдийг гэмтээдэг байсан ажээ. Энэ мэт томчуудын хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас, эрсдэж бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Хамгийн ойрын жишээ нь Хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом агаарт эргэж байхдаа хугаран унаж зургаан хүүхдийг гэмтээсэн хэрэг саяхан гарсан. Энэ мэт хэргүүд үргэлжлэн гарсаар байх уу. Үүнийг зайлшгүй таслан зогсоох хэрэгтэй. Уг хэргүүдийн холбогдогч этгээдүүд болох төрийн ажилтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Сая амиа алдсан хүүхдийн асуудалтай холбоотойгоор нийслэл, дүүргийн боловсролын газар, сургуулийн удирдлага Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Монголын үр хойч төрийн байгууллагуудын хариуцлагагүй, стандарт мөрдөөгүй, арчаагүй үйл ажиллагаанаас болж өдөр бүр амь насаа алдсаар байх юм уу.

Б.АМАРАА

    Comments