Х.Батсуурь: Багшийн цалин өндөр байх нь сургуулийн засвар бусад капитал зардлыг санхүүжүүлэхээс илүү чухал

“Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” иргэний нийгмийн чуулган энэ сарын 1, 2-нд Чингис хаан зочид буудалд боллоо. Найм дахь удаагаа зохиогдож буй энэхүү чуулганд иргэний нийгмийн төлөөлөгчид өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ удаагийн чуулганд боловсролын салбарын эрдэмтэн, судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм. Чуулганы үеэр судлаачид улсын төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах шаардлагатай гэж үзэж байв. Мөн боловсролын салбарын санхүүжилт буруу зарцуулагдаж байгаа талаар хэлэлцсэн. Энэхүү хэлэлцүүлэгт аналистийн үүргийг гүйцэтгэсэн эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Эдийн засгийн өсөлт боловсролын салбарт зарцуулах санхүүжилтэд нөлөөлөхгүй харин ч эсрэг нөлөөтэй байна гэж та ярьсан. Тэр энэ талаар дэлгэрүүлээч?
-Олон улсын судалгааны байгууллагуудын зөвлөмж болгож байгаа тоон үзүүлэлтүүдээс харахад Монгол Улсын төсвөөс боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй боломжийн харагдаж байна. Хоёр үзүүлэлт бий. Дотоодын нийт бүтээгдхүүний 20 болон түүнээс дээш хувь мөн төсвийн зургаан хувийг боловсролын салбарт зарцуулах гэсэн. Сүүлийн арваад жилийн дунджаар үзэхэд төсвийн 5.5 хувь болон дотоодын нийт бүтээгдхүүний 17-18 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Заагдсан хэмжээнд хүрээгүй боловч дөхөж очсон. Ойролцоо байгаа нь хангалттай гэж үзэх үндэслэлтэй гэж судлаачид үзэж байна. Гэтэл судлаад үзвэл зарцуулж буй хэмжээнийхээ үр дүнг гаргахгүй байгаа нь том асуудал. Энэ нь боловсролын салбар дахь оновчтой бус зарцуулалтаас хамаарч байна. Эдийн засгийн өсөлт буурсан үед ч боловсролд зарцуулах төсвийг бууруулахгүй байх бодлогыг баримтлах ёстой юм. Эдийн засаг өссөн үед боловсролын салбарт зарцуулах санхүүжилт дагаад өсөх ёстой атал өсөхгүй байна. Харин ч өссөн үед боловсролын салбарт зарцуулах санхүүжилт буусан үзүүлэлт харагдаж байна.
-Боловсролын салбарын санхүүжилт төсвөөс гадна ямар эх үүсвэртэй байж болох вэ?
-Боловсролын салбарын санхүүжилт үндсэн гурван чиглэлээр орж ирдэг. Үүнд төсөв, хувийн сектор болон гадаадын зээл тусламж юм. Эндээс төсвийн санхүүжилт хамгийн чухал. Харин хувийн салбараас бага хэмжээний санхүүжилт орж ирдэг. Гадаадын зээл тусламж нь пакиж буюу боодлоор орж ирдэг. Боодол дотор нь юу ч байж болно. Тэр боодлыг боодлоор нь авна. Аль эсвэл боодлыг авахгүй. Боодлоор нь авлаа гэхэд төрийн бодлогод барьж байгаа боловсрол болон нийгмийн эрх ашгийн үүднээс барих бодлогод сөргөөр нөлөөлөх болзолууд байж болно.
-Боловсролын салбарт зарцуулж буй зардлын 80 орчим хувийг урсгал зардалдаа зарцуулдаг гэж хурлын үеэр ярьсан. Энэ тоог та яаж хүлээж авч байна вэ?
-Боловсролын салбарт өгч байгаа зардлын 70-80 хувь нь урсгал зардалд явдаг гэсэн шүүмж бий. Гэхдээ энэ нь бусад улсуудтай харьцуулахад бага байхгүй юу. Өндөр хөгжилтэй улс орнууд боловсролын салбарт зарцуулж буй санхүүжилтийн 95-96 хувийг урсгал зардалдаа зарцуулдаг. Тэр урсгал зардлын 90 орчим хувьд нь багш нарын цалин ордог. Цалин өндөр байх нь сургуулийн засвар бусад капитал хөрөнгө оруулалтаас илүү чухал. Тийм учраас энэ гаж үзэгдэл биш. Харин ч бага байна.
-Таны үг олон сургууль, цэцэрлэг шинээр барих хүлээлттэй байдаг манай нийгэмд хачирхалтай сонсогдож магадгүй?
-Хөрөнгө оруулалтыг хаана хийх вэ гэдэг чухал. Жишээ нь сая Архангай аймагт шаардлагагүй сургуулийн барилга барьсан гэж яригдлаа. Тийм учраас боловсролын салбарт орж буй нийт хөрөнгө оруулалтын 20-30 хувийг капитал хөрөнгө оруулалт хийх нь өндөр байна гэж үзэж байгаа. Үүний оронд оновчтой зарцуулах хэрэгтэй. Жишээ нь Боловсролын салбарыг 100 хувь гэж үзвэл 90 хувийг нь урсгал зардал болгоод, арван хувьд нь хөрөнгө оруулалтаа оновчтой зарцуулах юм бол одоогийн 80-20-ийн харьцаатай байгаа зардлаас илүү үр дүн өгөх боломжтой.
-Улс орны эдийн засаг хямралтай байхад багш нарын цалинг нэмэх тохиромжтой үе мөн үү?
-Багш нарын цалинг нэмэх тохиромжтой цагийг хүлээвэл хэзээ ч ирэхгүй. Зэс, нүүрсний үнэ өсч, алт олборлолт гайгүй, төлөвлөснөөс давсан орлого орж ирж байгаа учраас багш нарын цалинг 15-20 хувь нэмэх ёстой. Бусад тэвчиж болох зардлуудыг танаж, багш эмч нарын цалинг нэмэх учиртай. Учир нь багш, эмчийн цалинг өгөх гэж төсөв байдаг. Мэдээж энд тодорхой бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөх учраас улс төрийн нөлөө их байгаа. Гэхдээ өөр үед цалин нэмүүлнэ гэж дайрсан бол хэцүү. Гэтэл төлөвлөснөөс давсан орлого орж ирсэн учир цаг үе нь мөн гэж хэлнэ.
-Багш нарын цалинг нэмвэл сургалтын чанар сайжрах болов уу?
-Эерэг нөлөөтэй. Хамгийн наад зах нь багш нарын амьдрал гачигдалтай бол сурагчдад зарцуулах цаг багасдаг. Зөвхөн хичээлийн цагт сурагчидтайгаа ажиллаад бусад үед нь амьжиргаагаа дэмжих, орлогын эх үүсвэрээ хайхад зарцуулдаг учраас гарцаагүй чанарт нөлөөлнө.
Б.АМАРТҮВШИН

Comments