С.ОДОНТУЯА: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬ БАТЛУУЛСАН Ч ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалалд бүх нийтээрээ оролцъё” хэмээх арав хоногийн аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг урьж хэлэлцүүлэг хийлээ. Энэ талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулсан юм.


-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран арав хоногийн аян зохион байгуулж байгаа юм байна. Энэ аяны хүрээнд ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол ердөө арав хоногийнх биш, маш урт хугацааны ажил. Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хийх маш олон ажил байна. Удахгүй улсын баяр наадам болно. Нэг хүүхэд амь эрсдэхэд олон нийтээрээ шуугиад хэд хоногийн дараа баяр ёслолдоо дарагдаад мартах биш, үүнийг байнга ярьж давалгаалуулж, олон нийтийн анхааралд өртүүлж нийгмээрээ хөдлөх шаардлагатай. Тийм учраас уг арав хоногт улс орон даяараа энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Энэ хугацаанд хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн чухал ажил хийгээд авъя гэж бодож байгаа. Ойр орчмынхоо аюулгүй байдал, төсөв хөрөнгөтэй холбоотой зүйлсийг хийгээд авъя. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт өөрсдийнхөө чадах хэмжээнд уг асуудлаар зүтгээсэй гэж уриалмаар байна.

-Хүүхдүүд парк дээр тоглож байгаад гэмтлээ, хөлбөмбөгийн талбайн хаалганд дарагдаж, эмийн сангийн хаалганд хүрснээсээ болж тогонд цохиулан амиа алдлаа. Эдгээр хэргүүд хүмүүсийн стандарт мөрддөггүй, өөриймсөг биш байдлаас улбаалж байна. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Сүүлийн үед иргэдийн сэтгэл зүйг сэртхийлгэсэн хэд хэдэн ноцтой хэргүүд гарлаа. Нийслэлийн засаг даргаас дүүргийн удирдлагуудад албан даалгавар өгсөн. Өчигдөр(уржигдар) нийслэлийн шуурхай дээр яригдсан. Бид хүүхэд хамгаалах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Хүүхдийн тоглоомын талбайн асуудал, цахилгааны ил гарсан утас, ямар нэг аюул тарихуйц зүйлсийг засаж янзлах гэх мэт. Дээрээс нь явган хүн зорчих зам талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан даалгаврууд авсан. Иргэд ихээр хандаж байна. Тэд ээжүүд, эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран иргэдийн идэвхийг сэргээсэн ажлуудыг манлайлан хийгээч ээ гэсэн. Тийм учраас Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо яаралтай хуралдаж энэ асуудлыг манлайлан оролцъё гэж шийдээд өнөөдрийн(өчигдрийн) хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлгээр иргэдийн санал хүсэлтийг сонсож, бүх нийтээрээ оролцож чадвал хүүхэд хамгаалах асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна гэж үзээд уриалга гаргаж байгаа. Өмнөх парламентаар чухал хуулиуд батлагдсан. Хүүхдийн эрхийн тухай хууль шинэчилэгдсэн. Мөн хүүхэд хамгааллын хуулийг батлуулсан байгаа. Гэр бүлийн орчинд, боловсролын, эрүүл мэндийн чиглэлээр, олон нийтийн газар, хэвлэл мэдээллийн орчинд хүүхдээ яаж хамгаалах талаар маш нарийн зүйлсийг заасан хуулийг батлуулсан. Гэтэл яагаад ийм асуудлууд гараад байна вэ гэхээр хууль хэрэгжихгүй байна гэсэн үг.

-Монгол Улсад батлагдсан хүүхдийн тухай хуулиуд хангалттай хэмжээнд байгаа. Гэтэл хуулиа хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй, сэтгэлгүй, хариуцлагагүй байна. Яагаад хууль, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлж чадахгүй байна вэ?

-Албан тушаалтнууд, эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, биелүүлэхгүй байна л даа. Стандартыг мөрдүүлэх ёстой байгууллагууд хариуцлагагүй хайнга хандаж байна. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн хүндрэл үүсдэг. Хороон дарга энэ замаар явах эрсдэлтэй гэж хичнээн мэдээд, дүүрэг нийслэлдээ уламжилсан ч төсвийн хөрөнгө байхгүй учраас тэр асуудал шийдэгддэггүй. Тэгэхээр заавал төсвийн мөнгө хараад байлгүй өөрсдийнхөө хүчээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах алхмуудыг хийх ёстой. Манай иргэд бүх зүйлийг төр хийх ёстой гэсэн ойлголттой байдаг. Төсөв хөрөнгө хүрэхгүйгээс цэцэрлэгийн дээврийн засвар хийгдээгүй, хэзээ мөдгүй дээрээс нь дээвэр нурах эрсдэлтэй барилгууд байна. Цэцэрлэгийн эрхлэгч нь хэзээ нурах бол оо гээд л байж байна. Би дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн захирлуудад байнга хэлдэг. Аюулгүй байдлыг захирал, эрхлэгч 100 хувь хариуцна шүү гэдгийг. Мөн тоглоомын талбай шинээр баригдахгүй байна. Хуучин тоглоомын талбайнууд шинэчилэгдэхгүй байгаагаас хүүхдийн амь эрсдлээ. Тэгэхээр шийдвэр гаргах түвшний хүмүүс 2019 оны төсөвт нэн түрүүнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн төсвүүдийг батлуулахын төлөө ажиллах ёстой. Үүнээс цаашаа “Наадмын дараа намар” гээд бүх зүйл оройтох гээд байна. Бидний үнэт зүйлс юу юм бэ. Уул уурхай, төмөр зам биш, бидний үр хүүхэд шүү дээ.

Б.АМАРТҮВШИН

Comments